
Валютын ханш хэт их хэлбэлзээд эхлэх юм бол Монгол банк арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ нь өнгөрсөн жил валютын ханш хэлбэлзэхэд нийлүүлэлтийг нь бага ч гэсэн хангахын тулд хар нүдний шилтэй залуус их хэмжээний ам.доллар гаргаж ирж зарсан гэж цуурдаг шиг хэрэг биш гэж албаны хүн тайлбарлаж байна. Төв банк өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс өөрөөр хэлбэл дээр дурдсан валютын ханшийн савлагааны үеэс эрэлт хэрэгцээг бага ч гэсэн зохицуулах гэсний үүднээс банк хоорондын валютын дуудлага худалдаа явуулж эхэлсэн. Анхандаа гайхал төрүүлж байсан эл дуудлага худалдаагаар нэг өдөрт хэдэн зуун сая ам.доллар эргэлдэж байсан бол сүүлийн хоёр сарын турш ямар ч худалдаа болохгүй таг зогсоод байгаа юм. Дуудлага худалдаагаар валют гүйлгээгүй байна гэхээр эрэлт нийлүүлэлт хэвийн байна гэсэн үг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Тэгвэл цаашид төгрөгийн ханш чангарсаар байх болов уу.
Ер нь бол хаврын улиралд төгрөг чангардаг. Монгол Улсын эдийн засгийн гол эргэлт болсон уул уурхайн салбарын ажил сэргэж, ноолуурын сезон айсуй болохоор. Бас улирлаа дагаад барилгын ажил ч сэргэдэг. Дээрээс нь Оюутолгойн болон бусад томоохон орд газруудын ашиглалт эхлэх гэж байгаа зэргээс шалтгаалаад долларын урсгал Монголыг чиглэн айсуй.
Дотоод валютын ханш сайн байх нь импортлогчдын хувьд таатай нөлөөтэй. Харин экспортлогчдын хувьд жаахан тиймхэн. Алт зэсээс өөр экспортлох зүйл ховор монголчуудын хувьд дэлхийн зах дээр алт зэсийн үнэ өндөр байгаа нь бас нэг тайвшрах боломж олгож байна. Гэвч энд байгалийн баялагтаа хэт шүтсэн эдийн засагт гадаад валют үерлэхийн хэрээр ухаалаг зарцуулж чадахгүй бол эдийн засгийн Голланд өвчин улам сэдэрч импортын дайрлагад дотоодын үйлдвэрлэгчид “цохиулдаг” гэдгийг сануулах юун.
Төгрөгийн ханш цаашид ч чангарах байх гэсэн энэ мэдээлэл валютаар зээл авсан хүмүүст бол мэдээж таатай сонсогдоно. Харин их хэмжээний валютын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд ялимгүй санаа зовох асуудал гарах л байх. Гэхдээ үүнийг Монголын уул уурхайн салбарын сэргэлт мөн “цагаатгаж” байгаа. Харин алсдаа санхүүгийн зах зээлээ савлагаагүй барьж байхыг төв банкныхан болоод хууль тогтоогчид нүд цавчихгүй анхаарч байна биз.
Дэлхий нийтээр сүүлийн үед еврогийн ханш суларч байгаа. Энэ нь монгол төгрөгийн ханшид нөлөөлөх болов уу гэсэн асуултад ноён Д.Дэлгэрсайхан “Хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх. Манай гол урсгал ам.доллар болон юань байдаг болохоор. Еврогийн ханш хүчтэй нөлөө үзүүлдэггүй ээ” гэв. Ямартаа ч монгол төгрөг ойрдоо “тэнхээ тамир” сайтай л байх нь ээ. Мэдээж хэрэг төгрөгийн ханш хэт чангарвал экспортлогчдын орлого буурч дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар доройтдог гэгчлэн сөрөг нөлөөтэй л юм хойно хэрвээ төгрөг хэт “цогнойх” ахул төв банк арга хэмжээ авна гэж байгаа юм.
А.Туяа