Энэ долоо хоногт
хөрөнгийн зах зээл харьцангуй хөдөлгөөнтэй байлаа. Дэлхийн
томоохон орнууд болон нөлөө бүхий байгууллагууд
гуравдугаар улирлын санхүүгийн тайланг гаргасан нь үүнд нөлөөлжээ. БНХАУ-ын эдийн
засгийн өсөлт удааширч, хүүгийн төвшинг нэмэгдүүлж, АНУ-ын хамгийн том банк алдагдалтай ажилласан
зэрэг тайлан гарсан зэргээс үүдэн ам.долларын зах зээл маш хөдөлгөөнтэй байгаа юм. Долоо
хоногийн эхээр ам.долларын ханш гол мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг суларч, металлын бирж дээр суурь болон үнэт металлын үнийг өсгөсөн юм.
Харин “Их-20”-ийн
гишүүн орнуудын сайд нар
удалгүй уулзаж, дэлхийн
эдийн засгийг тогтворжуулах талаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан ам.долларын
ханш өсч эхэлсэн байна.
Ингэснээр алтны үнэ пүрэв гаригийн байдлаар бага зэрэг буурсан байна. Тус металлын үнэ 1349 ам.доллар болсон
байснаа бирж хаах мөчид 1342 ам.доллар болж буурчээ. Гэхдээ алтны үнийг энэ долоо хоногт унц нь
1350 ам.доллараас давна гэж тооцоолж байсан шинжээчдийн таамаглал биелсэнгүй. Гэвч зарим шинжээчид
алтыг энэ жилдээ 1390
ам.доллар хүрнэ гэж үзэж байгаа юм. АНУ-д арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ бараг өөрчлөгдсөнгүй, 1343,4 ам.доллар байлаа.
Одоогийн байдлаар алтны үнэ өмнөх долоо хоногийнхоос гурван
хувиар бага байна.
Бусад үнэт металлын үнийн хувьд цагаан алт унц нь 1688 ам.доллар, мөнгө 23,87 ам.доллар, паллади
594 ам.доллар ам.доллараар хүрч, 0,8-2,9 хувийн өсөлттэй байна.
Э.Очирт