
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах тав дахь удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ удаагийн Гоо зүйн дээд шагналын эзнээр Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн тодорч,болор цом, арван сая төгрөг гардлаа. Тэрбээр “Атга нөж” жүжгийн зохиолоороо энэхүү эрхэм шагналыг хүртсэн юм.
“Лувсанвандан” санг анх 1997 онд С.Лувсанвандан агсны хүү Лу.Болд санаачлан байгуулсан бөгөөд сангийн захирлаар С.Цэнддоо ажилладаг юм. Удирдах зөвлөлд нь С.Лувсанвандан эрдэмтний хоёр хүү Лу.Болд, Лу.Болдхуяг нар болон Голомт банкны захирал Д.Баясгалан багтдаг ажээ. Тус сан нь уран бүтээлчид, оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох, сангийн өдрүүд болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, урлагийн байгууллагуудыг тохижуулах, хөгжим тоног төхөөрөмж авч өгөх, ном хэвлүүлэх, сургуулийн танхим тохижуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулан, үйл ажиллагаа явуулдаг юм.
2005 оноос олгож эхэлсэн С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ын тухайд үндэсний урлаг соёлыг хөгжүүлэх, урлаг соёлын салбарт шинэчлэл хийх, орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид олгодог журамтай. Шагналыг 10 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг дагалддаг нь уран бүтээлчдийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болдог юм. Энэ мөнгийг тухайн уран бүтээлч нэг жилийн турш цалиндаа санаа зовохгүйгээр зөвхөн уран бүтээлээ туурвиж, дундаж хэмжээнд амьдрахад зориулан олгодог хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
Ард тvмнийг гэгээрүүлэх, соёлжуулах, vндэсний урлаг соёлоо дээдлэх vйлсэд амьдралаа зориулсан СЛувсанвандан агсны үйл хэргийг vргэлжлүүлэх зорилгоор байгуулсан “Лувсанвандан” сан 1997 оноос хойш єєрийн нэрэмжит тэтгэлгийг олон арван уран бүтээлч, оюутан залууст олгоод байгаа билээ.
С.Лувсанвандан сангийн нэрэмжит анхны шагналыг архитекторч Є.Ганболдод vндэсний уран барилгын сэтгэлгээг хєгжvvлэхэд оруулсан хувь нэмрийг нь vнэлэн олгож байсан бол уран барималч Б.Дэнзэн Б.Ренчингийн хөшөөг бүтээн энэхүү шагналыг эзнээр тодорч байв. Мөн тользүйч Л.Амарсанаа Оксфордын англи-монгол толь, Коллинзын англи-монгол толь бичгийг туурвиснаар, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрээр тус тус Гоо зүйн дээд шагналын эзэд болж байсан билээ.
Гоо зүйн дээд шагналын эзнээр тодорсон Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнгээс шагнал гардуулах ёслолын үеэр сэтгэгдлийг нь сонслоо.
-Та С.Лувсанвандан сангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би их баярлаж байна. Яагаад гэвэл, энэ хүнийг амьд ахуйд нь сайн мэддэг байлаа. Тэр хүний дүр төрх, дуу хоолойг хүртэл өнөөдөр сайн санаж байна. С.Лувсанвандан гуай их гэгээн, эрдэм номтой, Монголын утга зохиолын хамгийн уянгалаг эрдэмтэн судлаач төдийгүй маш их яруу найруулгатай бичдэг хүн байсан. Ийм хүний бүтээлүүдтэй амьд ахуйд нь, хожим нь ч гэсэн нилээд танилцаж байснаас гадна миний шүлэг найргуудад хандаж бичсэн зүйлсийг нь би хүндэлж явдаг юм. Тийм болохоор би энэ хүнтэй ямарваа нэгэн далдын совин билгээр холбогддог. Миний нүдэнд, сэтгэлд үлдсэн хүний нэг л дээ. Би түүнийг сайд байх цагт сургуулийн томилолт авч байлаа. Өнөөдөр тэр хүний бие мөнх бус боловч амьд үргэлжлэх их бүтээлийн буян хишигт нь дайрагдсандаа баярлаж байна. Энэ бол ховорхон тохиолдол. Тэр хүний сүнс намайг харж ивээсээр байна даа гэж баярлаж байна. Би тэр эрхэм, агуу хүнтэй уулзсан мэт болж байна. Тэрэнд л маш их баярлаж байна даа.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-“Маргааш үгүй хаан” гэж томоохон хэмжээний эмгэнэлт жүжиг бичсэн. Ирэх жилээс драмын театрт тоглох байх. Мөн нэг шүлгийн ном гаргахаар бэлтгээд байгаа.
-Нууц биш бол та шагналын мөнгөө юунд зарцуулах бол?
-Би биш миний хань хувиарлах байх аа.
-Баярлалаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье.