Өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Арвин, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэх төрийн өмчийн анхны сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар тус сургуульд ажиллах багш нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Өнөөдөр үйл ажиллагааг нээж байгаа энэхүү сургууль нь Кэмбрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн анхны лаборатори сургууль болж буйгаараа онцлогтой. Энэ сургууль нь Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургууль байна. Мөн түүнчлэн энэхүү сургууль нь дараагийн ээлжинд байгуулах Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн сургуульд ажиллах багш, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг багшийн сургалтын төв байх аж. Тусгай лаборатори сургуулийг байгуулж байгаагийн тухайд олон хүүхдийг энэ сургуульд хамруулах зорилтыг тавиагүй бөгөөд энэ оны ирэх есдүгээр сарын нэгнээс хөтөлбөр, элсэлтийн шаардлагыг хангаж байгаа 15-16 насны нэг ангид 20 хүүхэд бүхий 2 бүлгийн 40 хүүхэдтэйгээр энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ. Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэх Төрийн өмчийн анхны сургууль дээр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн тус сургуульд ажиллах монгол багш нарын Англи хэлний сургалтыг эхлүүлж байна. Улмаар ойрын жилүүдэд Улаанбаатар хотод нийт 3, дунд хугацаанд Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт нийт 9, цаашдаа улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийг оролцуулсан 30 лаборатори сургуулийг байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн сургалтын хөтөлбөртэй хослуулан шинэчлэн боловсронгуй болгох, манай ард түмний хүүхдүүд Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөртэй сургуульд элсэн суралцаж, олон улсын төвшний ерөнхий боловсрол эзэмших адил тэгш боломжийг өргөжүүлэх, монгол хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дэлхийд нэр хүндтэй Кембриж, Харвард, Оксфорд гэх мэтийн өндөр зэрэглэлийн их, дээд сургуулиудад шууд элсэн орох, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний нөөцийн чадавхийг өргөжүүлэх зорилтыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлснийг илтгэж байна Энэхүү зорилт нь өргөн хүрээний асуудлуудыг хамарсан, багагүй цаг хугацаа шаардсан, суурь бодлогын шинэчлэлийн ажил бөгөөд энэ хавраас эхлэн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан боловсронгуй болгон шинэчлэх ажлыг ажлыг эхлүүлнэ.
Д.Долгор