Говийн бүсийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааг Австралийн “Sustainability PTY” компани болон Монголын “Бодлого судлалын төв” зөвлөх үйлчилгээний компани хамтран өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн явуулсан байна. Санхүүжилтийн 43 хувийг ММСС-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс, үлдсэн 57 хувийг “Оюу толгой” компани гаргасан байна. Говийн бүсийн ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн болон сургалтын судалгаа нь тухайн бүс нутгийн ажиллагсдын ур чадварын тухай иж бүрэн мэдээллийг гаргаад зогсохгүй шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад туслах юм. Түүнчлэн, “Оюу толгой” зэрэг томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийн хөгжлийн стратегиа боловсруулхад нь суурь судалгаа болох учиртай. Говийн бүс дэх ажиллах хүчний ур чадварыг 21 мэргэжлээр ангилахдаа 395 нарийн мэргэжилд хувааж дүн шинжилгээг хийжээ. Судалгаанд оролцогчид болон орон нутгийнхны үзэж байгаагаар мэргэжлийн боловсролын чанартай сургалт нь тус бүс нутгийн хөгжлөөс хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна.
Хөдөлмөрийн зах зээлийг судалжээ
“Говийн бүсийн ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн болон сургалтын судалгааны” ажлын үр дүнг танилцуулах семинар өнөөдөр боллоо. Тус семинарыг Монголын мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төсөл, судалгааг гүйцэтгэсэн гэрээт байгууллага болох Sustainability PTY компани, Бодлого Судлалын Төв хамтран зохион байгууллаа. Уг судалгаанд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр дөрвөн аймгийн 17,773 хүн хамрагджээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь Өмнөговь аймгийнхан байжээ.
Д.Цээнэ