
УИХ-ын чуулганаар яг одоо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийг батласнаар эрүүл мэндийн салбар нүдэнд харагдахуйц сайжрах боломжтой эсэхийг гишүүд онцлон асууж байлаа. Уг хуулийн төсөлд тусгагдсан бүтэц зохион байгуулалтын талаар голлох шүүмжлэл гарч байгаа бөгөөд Үндэсний зөвлөл гэх байгууллагыг санал хэлэх төдий эрх мэдэлгүй байхаар зааж өгчээ гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Г. Баярсайхан “Энэ хуулийн гол зорилго бол эрүүл мэндийн байгууллагыг хараат бус болгох гэж ойлгож байна. Гэтэл төрөөс хараат байсаар байх нь. Үндэсний зөвлөлийн эрхийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн хариуцлагын асуудлыг тэргүүн эгнээнд тавих хэрэгтэй” гэв. Мөн Р.Гончигдорж гишүүн “Өрсөлдөөнийг хангах байдлаар үйлчлүүлж буй өвчтөн хүн дуртай эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай” гэсэн саналууд гаргав. Хуулийн төслийг оруулж ирсэн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “хэлэлцүүлгийн явцад та бүхний шүүмжлээд буй асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв.
Б.Мандах