Тээврийн албадын үйл ажиллагааг уялдуулах нь чухал гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Тээврийн албадын үйл ажиллагааг уялдуулах нь чухал гэв

Төрийн ордонд Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн хурал боллоо.

Хурлыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү удирдан явууллаа. Тэрбээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. 

Тус холбооны зорилго нь авто тээврийн салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг тээврийн үйлчилгээгээр тасралтгүй, тогтвортой хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм байна. Түүнчлэн  салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд  хувь нэмэр оруулах, гишүүн байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Хуралд оролцогчид авто тээврийн оновчтой бүтэц, үр ашигтай сүлжээг хөгжүүлэх, тээвэрлэлтийн тааламжтай орчин бүрдүүлж хэвийн, тогтвортой  үйл ажиллагааг хангах, шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангах, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг салбарын хөгжлийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Улс, хот хоорондын болон хот доторх тээврийн үйлчилгээг өргөтгөх, зохицуулалтыг сайжруулах, төрийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Авто тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, аймгуудын тээврийн албадтай үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал байгааг мөн харилцан ярилцлаа. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж  буй өнөө үед тээврийн салбарыг үүнтэй нягт уялдуулах нь чухал байгааг энэ үеэр хөндөн ярилцав.

Монголын авто тээвэр эрхлэгчдийн үндэсний нийгэмлэг /МАТЭҮН/ нь анх 1996 онд тус салбарт ажиллаж байсан хэсэг хүний үүсгэн санаачлагаар байгуулагджээ.

Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, авто тээврийн харилцааны хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрт тээвэрчдийн ашиг, сонирхлыг тусгуулах, авто тээвэр эрхлэгчдийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын авто тээврийн мэргэжлийн холбоо, нийгэмлэгүүдтэй ажил төрлийн холбоо тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Авто тээврийн салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын ажил төрлийн холбоог сайжруулах, тэдний үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор МАТЭҮН, “Монтранс” Монголын тээвэрчдийн нэгдсэн холбоо төрийн бус хоёр байгууллага 2005 оны гуравдугаар сард нэгдэж Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо /NARTAM/ болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан байна.

Хувийн автобусны эздийн холбоо, Такси эрхлэгчдийн холбоо, Том, бага оврын автобусны холбоод тус холбооны гишүүнчлэлтэй ажилладаг юм байна. Мөн ТИР горимоор олон улсад ачаа тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар сүүлийн жилүүдэд ТИР дэвтэр ашиглан тээвэрлэлт гүйцэтгэх хэмжээ нэмэгджээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж