“Миний дуунууд 2010” өнөөдрөөс эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

“Миний дуунууд 2010” өнөөдрөөс эгшиглэнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав жил бүр тайлангаа тавьдаг болоод 12 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Өнөөдөр “UB Palace”-ийн концертын их танхимд эхлэх “Миний дуунууд 2010” уран бүтээлийн тоглолт 23-ныг дуустал өдөр бүр болно.

Энэ жилийн тоглолт хөгжмийн зохиолч Л.Балхжавын сор болсон уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Монголын сонгодог урлаг, орчин үеийн урлагийн нэгдмэл шинж чанарыг дуу хөгжмөөр илэрхийлэх аж. Тоглолтод Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн “Морин хуур” чуулга, симфони найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Мөн гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин поп дива Т.Ариунаа, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, “Камертон”, “Киви”, “Мотив”, “S4”  хамтлаг, дуучин Б.Маралжингоо, зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчид  ая дуугаа өргөнө. Дашрамд сонирхуулахад  энэ сарын сүүлээр тоглолтоо хийхээр бэлтгэж буй “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат, ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү нар шинэ дуугаараа үзэгчдэд бэлэг барих зэрэг олон сюрприз байгаа аж.

Уламжлал ёсоор тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “UBS” телевиз ажиллаж, “Монгол газар” ХХК, “Авзага трейд”ХХК, “Total Music”, Ub Palace хамтран ажиллаж байгаа юм. Харин тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, жүжигчин “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, “UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэл нар хөтлөх юм байна. “Миний дуунууд-2010” тоглолтын тасалбарын хувьд 15000 төгрөг бөгөөд “Ub Palace”-ийн кассаар худалдаалж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж