
Энэ үеэр юань, ам.долларын асуудал сөхөгдөж, цаашлаад иений тухай ч ярих болно гэдгийг Японы төлөөлөгчид онцолж байна. Иений ам.доллартай харьцах ханш чангарсаар байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг зогсоожээ. Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар 81.40 иентэй тэнцэж, сүүлийн 15 жилд хүрээгүй шинэ дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Зөвхөн сүүлийн нэг сард л гэхэд иений ханш 14 хувиар чангарчээ. Энэ нь хэрэглээний үнийн индексийг бууруулах замаар дифляци үргэлжлэх хугацааг уртасгаж байгаа хэрэг юм. “JPMorgan Securities” төвийн шинжээч Масамичи Адачи “Ийм үед Японы төв банк мөнгөний бодлогоо тэлэхээс өөр аргагүй” гэжээ. Тэрбээр “Мэдээж хэрэг, улс орнууд валютын ханшаа бууруулах гэхээс илүү өөрсдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж байгаа. Хэрэв хөгжингүй орнууд энэ маягаар мөнгөний бодлогоо тэлээд байвал энэ нь эмх замбараагүй үнийн хөөрөгдөл бий болгож мэдэх юм” хэмээн ярьсан байна.
Өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудад инфляци, газар авах хандлагатай байгаа. Иймэрхүү байдлаар эдийн засагт нь аль хэдийнэ халалт үүсээд эхэлчихсэн. Гэтэл тэд мөнгөний бодлогоо хумихгүй хэвээр хадгалсаар. Үүнээс болж, тэдний хөлд хөгжингүй орнууд чирэгдэж байна гэхэд болно. Азийн зах зээл дээр л гэхэд инфляци үүсэх вий гэх болгоомжлол байгаагаас хөгжингүй орнуудын Засгийн газрын бондын өгөөж буурч байна. Энэ нь тэдэнд ашиггүй нь ойлгомжтой болохыг эдийн засагчид онцолж байгаа.
Гэхдээ Азийн орнууд ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж хэлбэл бас өрөөсгөл юм. Саяхан Хятадын Ардын банк инфляцийг бууруулах зорилгоор 2008 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөсөн. Тэдний энэ үйлдлийн дараа Японд нэг ам.доллар 81.92 иентэй тэнцэж, ханш нь чангарсан билээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгаа дэмжих зорилгоор мөн л мөнгөний бодлогоо тэлж, олон тэрбум ам.доллар шинээр хэвлэхээр болсон. Энэ нь иений ханшийн өсөлтөд нөлөөлж байна. Америкчуудын хэрэгжүүлэхээр зэхэж буй “QE II” хэмээн нэрлэгдэх мөнгөний шинэчилсэн бодлогын хүрээнд зарцуулах хөрөнгийн хэмжээ их наяд ам.доллараар тоологдох бололтой. “QE II” төлөвлөгөөг ирэх сарын 2-3-нд болох АНУ-ын төв банкны Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хуралдаанаар эцэслэн батлах юм. Гэтэл эдийн засгаа дэмжихийн тулд зарцуулж байгаа япончуудын хөрөнгө АНУ-ынхаас хэд дахин бага байна гэхэд хилсдэхгүй.
Японы төв банк өнгөрсөн сард зах зээлд их хэмжээний иен гаргаж, оронд нь ам.доллар худалдан авсан билээ. Түүнчлэн энэ сарын 5-нд 0.1 хувьтай байсан бодлогын хүүгээ бууруулж, таван их наяд иен буюу 61 тэрбум ам.доллараар бонд худалдан авч, валют арилжаа болон үл хөдлөх хөрөнгийн сангуудын хөрөнгөөс эзэмшихээр болсон. Цаашид ч энэ маягаар мөнгө, санхүүгийн бодлогоо тэлэх хандлагатай байна. Үүнийг зарим талаараа ам.долларын ханшийг чангаруулах оролдлогын нэг гэж хэлж болно. Гэхдээ энэ бодлого нь үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг эдийн засагчид онцлох болсон. Анх Японы төв банк ам.доллар худалдан авах тухай мэдээлэл цац саны дараа иений ханш хэсэг хугацаанд суларсан боловч эцсийн дүнд өнөөдөр ам.доллар болон иений харьцаанд улам их зөрүү гарсаар байна. Энэ нь Швейцарь франкийн ханшаа бууруулахын тулд их хэмжээний евро худалдан авсан боловч эцэст нь ханш нь улам чангарсан түүхтэй адил.
Гэхдээ зарим эдийн засагчийн тайлбарлаж байгаагаар бол Японы эрх баригчид мөнгөний бодлогоо тэлэхээс өөр арга хэмжээ авах боломжгүй юм. Учир нь АНУ, Европын холбоо валютын ханшаа бууруулахыг зорих болсонтой холбоотой аж. Японы төв банкны тэргүүн асан, эдийн засагч Еижи Хирано энэ талаар онцолжээ. Тэрбээр “Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо тэлнэ гэдэг нэг талаасаа валютын ханшаа унагах зорилготой холбогдож байна. Үнэхээр тийм байж болно. Гэвч АНУ, евро бүс, Япон аль аль нь валютын дайны галыг өдөөхгүйгээр харилцан уялдаатай бодлого явуулж чадвал эцсийн дүнд эдийн засаг нь тогтворжих үндэс болох юм” гэсэн байна. Япон бол экспортод түшиглэсэн орон. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц буурч, хөрөнгө оруулагчид Японд бизнесийн таатай орчин бүрдэхгүй байна хэмээн үзэх болсон. Тиймээс бусад орны мөнгөний бодлогоос хамаараад Японы эрх баригчид одоогийн бодлогоо үргэлжлүүлсээр байх юм.
Ямартай ч эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орлоо хэмээн тус улсын албаны төлөөлөгчид мэдэгдээд байгаа. Энэ талаар Японы Засгийн газраас сар бүр гаргадаг албаны тайланд онцлон дурьдсан байна. Түүнчлэн тус улсын “Никкей” индекс 1.7 хувиар буурч, 9381.60 нэгж болжээ. Японд түүхий эдийн худалдаагаар тэргүүлдэг “Мицубиши” корпорацийн индекс 2.4 хувиар буурсан аж. Японы Засгийн газраас 20 жилийн хугацаатай гаргасан бондын өгөөж хоёр дахь өдрөө дараалан багасчээ.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин