Татаж босгох гээд түлхээд унагачихлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Татаж босгох гээд түлхээд унагачихлаа

Монголчууд уул уурхайн баялгаа бэлэн мөнгө болгон хувиргаж илүү ашиг олохын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Хө­рөнгийн зах зээлийг хөг­жүүлэхийн тулд юуны тү­рүүнд хөрөнгийн биржээ хөл дээр нь босгох хэрэгтэй гэсэн маш товчхон, ойлгомжтой зар­чим өнөөдөр үйлчилж бай­гаа. Гэсэн ч төрийн аж­лын уялдаа холбоогүй бай­дал, ноёдын ашиг со­нирхлын зөрчлөөс болоод хайран ажил нурчихлаа. Хө­рөнгийн биржээ хөл дээр нь босгоно гэж байсан хү­мүүс харин ч бүр түлхээд уна­гачихлаа. Төрийн өм­чийн хороо /ТӨХ/-ныхон Мон­го­лын Хөрөнгийн биржийг удирдах олон улсын багийг сон­гон шалгаруулна гэж жил тойрон хэлбэрдсэн ч эцэс­тээ “Шаардлагад нийцэх баг олдоогүй учраас тендер хү­чингүй боллоо” гэсэн том тайлбар хэлээд таг чиг болов. Үнэхээр монголчууд тийм ха­туу шаардлага тавиад, түүнд нь дэлхийд тэргүүлэх хэмжээний туршлагатай бир­жүүд тэнцэхгүй байна гэвэл бас л бахархмаар зүйл шүү.

Харамсалтай нь үгүй ажээ. Шаардлагад нийцэх баг олдоо­гүй гэсэн нь шалтгаан биш болж таарлаа. Харин Мон­голын Хөрөнгийн бир­жийн хувь заяаг гартаа атгаж буй хүмүүсийн ашиг со­нирхол зөрчилдсөн учраас тендерт түр зууртаа цэг тавь­сан бололтой. Ингэж хардах үндэслэл байгаа юм. Хө­рөнгийн биржийг хэн удирдах вэ гэдэг асуултын хариуг ТӨХ-ны тендерийн хо­рооноос хэвлэлүүд өдөр бүр асууж байлаа. Гэвч тэд нэг ч удаа үнэн бодитой ха­риулт өгч байгаагүй. “Шал­гаруулалт явагдаж байна. Одоо­хондоо тодорхой мэ­дээ­лэл өгөх боломжгүй” хэ­мээн бөөрөнхийлж байв. Ал­бан ёсоор хариуцаж байгаа хүмүүс нь хангалттай ха­риулт өгөхгүй байсан учраас хүн бүр өөр өөрийнхөө таа­маглаж, өөр өөр өнцгөөс асууд­лыг тайлбарлаж байсан. Мөн албаны эх сур­вал­жуудын хэлсэн тайлбар бүр өөр хоорондоо зөрүүтэй байсныг уншигчид санаж бай­гаа байх. Яг энэ эгзэгтэй үеэр Лондонгийн Хөрөнгийн бир­жийнхэн хүрч ирээд баа­хан бужигнуулаад авав.

Тэд өнгөн дээрээ манай улсын хөрөнгийн зах зээлийн хөг­жилд туслах гээд байгаа юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ Мон­голын Хөрөнгийн биржид эзэн суух сонирхол нь илт байв. Монголын баялагт түшиглэн асар их ашиг хүртэх боломжийг олж харсан тэд улайрсан ашиг сонирхлоо арай л эрээ цээр­гүй илэрхийлж байсан юм. Гэвч тэдний ярьсан хэл­сэн бүхэн логикийн алдаа­тай байсан нь зарим зүй­лийг илчилж орхив. Тус биржийн Үнэт цаасны анх­дагч зах зээл хариуцсан захи­рал хатагтай Трэйси Перси өнгөрсөн сарын 29-нд “Монголын Хөрөнгийн биржийн удирдлагын багийн сонгон шалгаруулалт хэвийн үргэлжилж байгаа. Манай баг шалгарах хамгийн өндөр магадлалтай. Бидэнд маш олон давуу тал бий” хэмээн өөр­төө тун итгэлтэй ярьж байлаа. Гэтэл яг тэр өдөр нь ТӨХ-ны дарга Д.Сугар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шалгарах шаанстай баг олдоогүй” гэдгийг албан ёсоор хэлсэн юм. “Гэхдээ сон­гон шалгаруулалтаас гад­на Лондонгийн бирж тун бо­ломжийн санал тавьсан учраас бид судалж байна” гэж бас хэлсэн. Ийм тохиолдолд Д.Сугар даргын үгэнд ямар ит­гэхгүй байлтай биш.

Тийм учиртай байж гэж бодоод л өнгөрсөн гэх үү дээ. Харин Анг­ли хатагтайн алдаатай үг хамаг юмны зангилаа байсан нь одоо улам бүр тодорхой болж байна. Өнөөдөр “Хө­рөнгийн биржийн тендерийг өөх ч биш, булчирхай ч биш болгоход англичууд нө­лөөл­сөн. Тэд тендерийн хороо­ныхны толгойг эргүүлсэн” хэмээн шуудхан хэлэх нэг бус хүн байна. Мөн “Монголын Хөрөнгийн бирж” хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТӨХ-ны Өмч хувьч­лалын газрын мэргэ­жилтэн Ч.Чинзориг болон тен­дерийн хорооны гишүүд одоо болтол энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэхгүй бай­гаа нь хардлага төрүүлж бай­гаа юм. Хэрэв асуудалгүй л юм бол ам нээхээс хал­гаад байх шаардлагагүй л баймаар юм. “Хөрөнгийн бирж юу болсон бэ” гэхээр л амийг нь авах гэж байгаа юм шиг айдаг болсон нь хачирхалтай. Ингээд байхаар “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг үг л санаанд бууж байна. Мон­голын Хөрөнгийн бир­жийн гүйцэтгэх захирал Р.Сод­хүү болохоор “Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашиж байгаа. ТӨХ, Зас­гийн газрын комисс л бүх­нийг мэднэ. Сонгон шалгаруулалтын талаар на­­дад хэлэх үг байхгүй” гэ­дэг. Мөн Монголын Хө­рөн­гийн биржийн шинээр то­милогдсон ТУЗ-ийн гишүүд нь бүгд толгой сэгсрэхээс өөр үйлдэл хийхгүй байна. Тэд амаа хэчнээн хамхивч сонгон шалгаруулалтын шаард­­лагад нийцэх баг олдоо­гүйдээ бус, сонгон шалга­руу­лах ажиллагаа шударга бус болсон гэдэг нь өдгөө за­рим баримтаас дурайтал ха­рагдаж эхэллээ.

Тодруулбал, тендерийн хо­роо өнгөрсөн тавдугаар са­рын 21-нээс зургадугаар са­рын 11-ний хооронд өрсөлдөх багуудын материалыг хүлээн авсан байдаг. Анхан шатны шалгаруулалтад Өмнөд Со­лон­гос, Хонконг, Канад, Анг­ли, Япон, Энэтхэгийн бие даасан багуудаас гадна Швед, Монголын, Герман, Авст­ри, Слований хамтарсан багууд, мөн Монголоос “Та­ван толгой транс” ХХК, Нор­тенсек консорциум гэсэн 10 баг оролцсон юм. Ингээд эхний шалгаруулалтаас Өм­нөд Солонгосын бирж, Швед Монголын хамтарсан баг “NASDAQ OMX & MOSDAQ” консорциум, Анг­лийн “London Stock Exchan­ge Group” баг, Герман, Авст­ри, Слований хамтарсан “ХЕТRА Магкеt Dеvеlорment & Deutsche Borse Group” консорциум гэсэн дөр­вөн баг тунаж үлджээ. Ха­рин эцсийн шатанд Өмнөд Солонгосын баг, Швед, Мон­голын хамтарсан баг хоёр л үлдсэн. Тэгээд сүүлдээ хоёу­лаа “будаа” болсон. Гэ­тэл Лондонгийн баг аль хэ­дийнэ шалгаруулалтаас хасагд­чихаад “Бид шалгарах магад­лал өндөр” гээд л улайх ч үгүй ярьж явсан байх юм. Ер нь тендерийг хү­чингүй болгохын тулд тэд “хувь нэмрээ” хангалттай оруул­жээ. Басхүү Монголын тө­рийг төлөөлж буй тенде­рийн хорооныхонд дэндүү дээрэнгүй хандсан байна. Тендер хүчингүй болс­ны дараа Лондонгийн бир­жийн төлөөлөл “Биржээ одоо бидэнд өг. Бид яаж хөг­жүүлдгийг яруу тодоор ха­руулж чадна” хэмээн шууд тулгажээ. Тендерийн хо­рооныхон “Та бүхэнтэй тех­никийн тал дээр хамтарч ажил­лаж болох юм. Удирдах эрхийг шууд шилжүүлэх боломж одоохондоо алга. Яагаад гэвэл хууль бус” гэдгийг сануулсан аж. Гэтэл Лондонгийн биржийнхэн “Бидэнд удирдах эрх л чухал. Зүгээр техникийн туслалцаа үзүүлэх байсан бол бид ингэж цаг алдахгүй байсан юм. Гэхдээ та нар дахиад сайн бодож үзээрэй” гэж хатуухан хэлчихээд яваад өгч. Ийнхүү Хөрөнгийн бир­жээ хөл дээр нь босгох гэсэн биш хөгийн юманд ороо­цолдсон тендерийн хороо­ныхон ёстой яах уч­раа олохгүй ацан шалаанд ор­чихоод байгаа аж. Одоо яая гэх вэ. Анхнаасаа шу­дар­гаар ажилласан бол арай ийм байдалд орохгүй л байсан. Англичуудад дэн­дүү их итгэж байгаад мад тавиулчихлаа шүү дээ. Тэд хор найруулчихаад хол очоод суучихлаа. Одоо монголчууд “Манай бир­жийг ав” гээд өөрсдөө гуйна хэ­мээн бардам суугаа нь мэдээж.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж