“Эрдэнэс тавантолгой” 15 тэрбум хувьцаа эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс тавантолгой” 15 тэрбум хувьцаа эзэмшинэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компани байгуулах шийдвэрийг гаргаж, үүнтэй холбоотойгоор зарим үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн юм. Энэ асуудалтай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэс тавантолгой” компани хэдий хэмжээний үндсэн хөрөнгөтэйгээр байгуулагдаж байна вэ, ямар үүрэг хүлээж ажиллах юм. Хувьцааных нь 10 хувийг ард түмэнд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн шийдвэрийг УИХ-ын хаврын чуулганаар баталж байсан?

-“Эрдэнэс тавантолгой” компани нь 15 тэрбум хувьцааг эзэмшинэ. Үүнийхээ 10 хувийг  УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх бол мөн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаална. Харин 30 хувийн хувьцаагаа дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах гэсэн үндсэн нөхцөлтэйгээр энэ аж ахуйн нэгжийг байгууллаа.

Саяхан үүнтэй төстэй Монголын үндэсний компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч, хувьцааныхаа 25 хувь дээр 700 орчим сая ам.долларыг босгосон. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компанийн бүх бэлтгэл ажил хангагдаад ирэхээр хөрөнгийн зах зээл дээр гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан аж ахуйн нэгж болох боломжтой болно.

-Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ?

-Улсын хэмжээнд одоо иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил явж байна, мөн арваннэгдүгээр сарын дундуур Хүн ам,  орон сууцны тооллогын ажил эхэлнэ. Эдгээр ажил дууссаны дараагаар Монгол Улсын хэдэн иргэнд “Эрдэнэс тавантолгойн” компанийн хувьцааг эзэмшүүлэх вэ гэдэг чиглэл гарна. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажил үүргийн чиглэл өгсөн. Мөн Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлж байсан үндэсний аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он сараар нь бүртгэж, байршлыг нь тогтоож бэлэн болгохыг Сангийн сайдад үүрэг болгосон. Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниудад “Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулж, дүрмийнх нь санд шаардагдах хөрөнгийг хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэх үүрэг өгсөн. Энэ бүхэн нь УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс тавантолгой”-г байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Тавантолгойн орд дээр олборлолт явуулах оператор компанийн сонгон шалгаруулалтын ажил юу болж байгаа вэ. Ухаа худагт олборлолт явуулж байгаа гадаадын нэг компани шалгарах магадлал өндөр гэж дуулдсан?

-Тавантолгойн орд дээр  хоёр гол хэсэг бий. Нэгдэх хэсэг дээр нь “Эрдэнэс тавантолгой” компани нь оператор компанийг шалгаруулж, үйл ажиллагаа явуулах ёстой. Оператор компанийн сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулж байгаа. Эхний үе шат дуусч, одоогоор хоёр дахь үе шат эхлээд байна. Хоёр дахь шатанд Австралийн хоёр, Германы нэг компани үлдсэн. Ирэх арваннэгдүгээр сард багтаан оператор компанийг сонгон шалгаруулна. Харин Тавантолгойн тодорхой бас нэг хэсэг дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулсан олон улсын консерциумыг оруулах ёстой. Энэ ажлыг Тэргүүн Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гардан идэвхтэй ажиллаж байна. Бас нэг чухал асуудал нь Тавантолгойн нүүрсийг бусад орноор дамжуулан тээвэрлэх учраас угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөртэй холбоотойгоор гэрээ хэлцлийн ажлыг эхлүүлэх чиглэлийг бас Засгийн газрын хуралдаанаас гаргасан байгаа.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагыг сонгон шалгаруулсан уу?

-Сонгон шалгаруулалтыг хийж байгаа. Энэ чиглэлээр Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниуд ажиллаж байгаа, үр дүнг удахгүй танилцуулна.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ хэд вэ?

-Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилан тогтооход төвөгтэй байгаа. Яагаад гэвэл бид гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гаргаж арилжаалахад хэд хэдэн бэлтгэл ажлыг хийх ёстой юм. Үүний тулд эхлээд олон улсын төвшинд ажиллах зөвлөх баг, мөн энэ чиглэлээр хөрөнгийн зах зээл дээр аж ахуйн нэгжүүдийн хувьцааг арилжаалж байсан  Хөрөнгө оруулалтын банкийг авч ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэхээр хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг санал болгохын өмнөх судалгааны ажил хийсний дараагаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох юм л даа.

-Ядаж жишиг үнэ ямар байхыг хэлэх бололцоогүй гэж үү?

-Ямар ч байсан эхний удаад “Энержи ресурс” компани нь Ухаа худагийг түшиглэж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарсан. Нэг жишиг үнэ бас харагдаж байгаа. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгойн” компанийн хувьцаа үүнээс багагүй байх тал дээр Засгийн газрын зүгээс анхаарал тавьж ажиллана гэж ойлгож болно.

-“Энержи ресурс” компани  нь Ухаа худагийнхаа хувьцааг барьцаалаад Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс 700 орчим сая ам.долларыг босгосон нь хардлага төрүүлж байгаа тухай зарим хэвлэл бичсэн. Тавантолгойн ордыг бүхэлд нь үнэлсэн цагт л тийм хэмжээний мөнгийг Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс босгох байсан гэж. Гэтэл Тавантолгойн орд дээр одоо“Тавантолгой транс”, Энержи ресурс”, одоо бол төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” үйл ажиллагаа явуулна. Юу болоод байна вэ?

-Энэ нь дутуу дулимаг мэдээлэл мэдээлэл байх аа. “Эрдэнэс тавантолгой” компанид Монгол Улсын Тавантолгойн ордын лиценз бүгдээрээ бий. Тийм ч учраас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажилтай холбогдох авах арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэлээ шүү дээ. Тэгээд ч саяны Хонконгийн хөрөнгийн бирж дээр хийсэн арилжаа нь төрийн өмчит Тавантолгойтой холбоогүй гэдгийг хэлье.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж