Тоо уншиж сурахад статистикчид тусална

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Тоо уншиж сурахад статистикчид тусална

Статистикийг нийгмийн толь хэмээн нэрлэдэг. Статистикийн тоон хэлийг зөв уншиж сурч гэмээнэ тухайн орны хүмүүсийнх нь ахуй амьдрал хийгээд онцлогийг тандан таньж болдог ажээ. Монголчуудын хувьд тэр хэмжээнд хүртэл тайлж амжаагүй статистикийг хүн бүхэнд хүртээлтэй байлгах нь хамгийн эхний зорилт гэж өчигдөр болсон Статистикчдын өдрийн нээлтийн үеэр онцолж байсан. Монголын статистикийн байгууллага уг нь 86 жилийн түүхтэй ч статистикийн мэдээллийг сүүлийн хэдэн жилд илүүтэй үнэлэх болсон гэвэл дэгс болохгүй байх. Энэ жилээс эхлэн дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэж буй статистикийн өдөр ч үүнийг батална. НҮБ-ын санаачлагаар аравдугаар сарын 20-ны өдрийг статистикчдаар овоглож, “Чанартай үйлчилгээ-мэргэжлийн ур чадвар-нэгдмэл байдал” уриан дор тэмдэглэж буй юм. Статистикчдын өдрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Энхбаяр, НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од нар оролцсон юм.

Хатагтай Сезин Синаноглу “Тоо баримт, статистик мэдээлэл нь төлөвлөх, нөөц баялгийг хуваарилах, шийдвэр гаргах үндэс суурь болдог. Хэрэв бид хүмүүсийн амьдралыг сайжруулахыг хүсч байвал тэдний өвөрмөц хэрэгцээ, шинж төрх, амьдралд нь нөлөөлж буй чиг хандлага, хүчин зүйлсийн талаар мэдэх шаардлагатай юм” хэмээн онцолсон. Эндээс хүмүүсийнхээ амьдралыг сайжруулах хүсэлтэй л бол эрх баригчид тоог уншиж сурахаас өөр аргагүй гэдэг нь харагдаж байгаа байх. Харин манай улстөрчид статистиктай нөхөрлөхдөө тун хойрго, ойлголт муутай гэдгийг мэргэжилтнүүд сэмхэн шивнэлддэг юм билээ. Тиймээс тэд төрийн түшээдээсээ эхлээд эгэл жирийн иргэдээ хүртэл статистиктай “нөхөрлүүлэх” нөр зорилтыг өмнөө тавьсан гэнэ. Ямартай ч статистикчид сардаа нэг удаа нийгэм, эдийн засгийн тойм гаргаж, хэвлэлээр дамжуулан хүмүүст дуулгаад заншчихсан. Сэтгүүлчид ч тэр мэдээлэлд амтшаад удаж байна. Сар бүрийн 10-ны өдрийн болзооноосоо богц дүүрэн мэдээтэй буцсан сэтгүүлчид тэр өдөржингөө л  элдэв мэдээлэл түгээдэг заншил хэдийнэ тогтсон.

Харин одоо статистикчдын өмнө тоо бүртгэлийг хэрхэн өдөр тутмын хэрэглээ болгох вэ гэдэг л толгойны өвчин болоод байгаа гэнэ. Статистикчдыг амьдралыг тоо болгон хувиргагч гэж хэлж болно. Тэгвэл тэр тоогоо буцаагаад хүмүүст амьдрал болгон ойлгуулах амаргүй. Тиймээс ч статистикчдаар овоглосон анхны өдрийн урианд “Чанартай үйлчилгээ-мэргэжлийн ур чадвар-нэгдмэл байдал” гэсэн үгсийг тодотгон оруулсан байлаа. Харин нэгдмэл байдал гэсэн тодотголын тухайд бусад байгууллагуудын уялдаа холбоог онцолсон байж болох талтай. Учир нь одоогоор яам, тамгын газрынхны гаргасан тоо баримт статистикчдын гаргасан тооноос алд дэлэм зөрөх нь бий. “Аргачлалын ялгаа”-гаар ам хаагаад байгаа энэ зөрүүг арилгах зорилт тэрхүү “нэгдмэл байдал” гэсэн үгэнд багтсан бололтой. Ямартай ч дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй статистикчид өөрийн гэсэн өдөртэй боллоо. Энэ өдөр зөвхөн статистикчид төдийгүй улстөрч, эрх баригчдад, эгэл жирийн иргэдэд хүртэл хамааралтай өдөр болж таарах нь. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн гэж улс орнуудын төр засгийн тэргүүнүүдэд хандаж хэлсэн “Хөгжлийг бүтээхийн тулд бид ядуурлын түвшин, боловсролын хүртээмж, өвчний тохиолдлын талаар тоо баримт цуглуулж статистикийн дүн шинжилгээ хийх шаардлагатай. Байгалийн гамшигт нэрвэгдэгсдийг орон байраар хангах, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх эсвэл өлсгөлөнд өртсөн хүүхдүүдийг хооллох боломж олгодог төсөв, хөтөлбөрийн бараг бүх талбарыг нотлон баталгаажуулахад статистикийн шинжлэх ухаан гол үүрэгтэй юм”  хэмээх үгээр төгсгөл хийе.

Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж