Шимтгэлд хэдэн төгрөг төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Шимтгэлд хэдэн төгрөг төлөх вэ?

Болороо олон карттай. Анх банкууд виза карт гаргаж эхлэхэд Худалдаа хөгжлийн банкны карт авсан. Гэхдээ тухайн үед ATM нь элбэг биш байсан тул олон салбартайг нь бодон Хаан банкнаас бас нэг карт авчээ. Харин хоёр жилийн өмнө төр хүүхдийн мөнгө хэмээн сар бүр 3000, улиралд 25 000 төгрөгийг Хаан банкаар дамжуулан олгоход тус банк нэрийн данс нээж өгснөөр дахин нэг карттай. Түүний ажил­ладаг байгууллага цалингаа Голомт банкны картаар дам­жуулан олгож эхэлснээр Болороо түрийвчиндээ нийт­­дээ дөр­­вөн виза карттай болсон байна.

Монголд банкны салбар хөгжиж, иргэдийн хэрэглээ ч соёлжиж бэлэн мөнгө авч явах нь багассаны тодорхой нэгэн жишээ энэ. Super market-уудын ихэнх нь аль ч банкны визагаар тооцоо хийчихнэ, шатахуун түгээх станцууд ч картаар төлбөр тооцоо хийдэг. Хэрвээ хэрэглэгч тусгай төхөөрөмж гээчийг худалдаад авчих­вал интернетээр бүх төрлийн төлбөр тооцоогоо хийчихнэ. Гэхдээ манайд нэг бэрхшээл байгаа нь банк болгон өөр өөрсдийн гэсэн АТМ, тооцооны машинтай. Зарим газарт аль нэг банкны тооцооны машин байдаг учир хүндрэл гардаг. 

Иймд хэрэглэгчдэд зо­риу­­лан Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ бий болж, банкууд нэгдэж эхлээд байгаа. Банкуудын “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” хэдийгээр хүн бүрт хүрэх бололцоотой болж байгаа.

Монгол Улсын хэмжээнд бэлэн бус төлбөр тооцоог бий болгох, ялангуяа төл­бөрийн картын үйлчил­гээг хөгжүүлэхэд чухал ач хол­богдолтой гэх уг сүлжээнд өнгөрсөн зургадугаар сард  ХААН банк, Худалдаа хөгжлийн банкууд үндсэн гишүүнээр элссэн. Харин дэд гишүүдээр Капитал банк, Улаанбаатар хотын банк нэгдэж, нээлтээ хийж байв. Энэ долоо хоногт гишүүдийн тоо нэмэгдэж, Голомт, Хас, Төрийн банк, Капитроноор бүлээ нэмжээ. Монголын нэр бүхий дээрх най­ман банкны виза картыг тус банкуудын АТМ уншиж, харилцагч хамгийн ойр аль ч салбараасаа, мөн­гөн шилжүүлэг хийх бо­ломжтой болж байгаа юм. Гэхдээ хэрэглэгчид энэ үйл­чилгээнд хэдий хэмжээний мөнгө төлөх вэ гэдэг нь асуудал болоод байна.

Жишээлбэл, Болороо ХХБ-ны картаараа Хаан банкны АТМ-ээс мөнгө авбал 500 төгрөгийн шимт­гэл төлөх ба энэ мөнгийг бэлэн мөнгөний машин автоматаар бодож дансанд байгаа мөнгөнөөс суутгана. Зөвхөн Хаан банк ч биш Хас банкны АТМ ч мөн өөр банкны картаар мөнгө гаргахдаа 800-1000 төгрөгийн шимтгэл авч байгаа юм. Энэ мэтээр АТМ ашиглахдаа хэдэн төгрөгийн шимтгэл төлөхөө сайн бодож үйлчлүүлээрэй.

Болороо хэрвээ нэг карт-нэгдсэн сүлжээг байн­га ашиг­лаад байвал мөнгө авах тоолондоо 500 төг­рөг, арван удаа үйлчлүүлэхэд 5000 төгрөг шимтгэлд төлсөөр жилийн турш улам ихийг зарцуулах болж байгаа юм.

Бас зарим банк нэр бүхий цөөн банкны картыг л уншина гэсэн тайлбарыг хэлж байна. Тэгэхээр аль ч картаар бүх АТМ–уудаар үйлчлүүлж болно гэж найдах аргагүй аж. ХХБ-ны АТМ-аар Голомт, Төрийн банкны виза картаар үйлч­лүүлэх боломжгүй. Харин Хаан банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Хас, Хадгаламж банкны картаар үйлчлүүлэх боломжтой.

Хаан банкны АТМ Голомт, ХХБ-ны картыг ун­шиж, мөнгө гаргах боломжтой юм байна. Төрийн банк 18 АТМ-тэй бөгөөд үүгээр Хас, Капитал, Голомт, ХХБ, Хаан банкны картаар үйлчлүүлж болно. Бусад банкны картаар 800 мянга хүртэлх төгрөг авбал 500 төгрөгийн шимтгэл төлнө. “Хас”-ын карт эзэмшигч 800 мянган төгрөгөөс дээш хэм­жээний мөнгө авбал 1000, ХХБ, Хаан банкны карт эзэмшигчид 3000 төгрөгийн шимтгэл төлнө. Харин Голомт банкны картаар бэлэн мөнгө гаргахад шимтгэл төлөхгүй ажээ.

Тэгвэл “Капитал” банкны АТМ Хадгаламжийн бо­лон ХХБ-ны картыг ун­шиж байгаа ба эдгээр картаар мөнгө гаргахад шимтгэл авдаггүй байна. Улаанбаатар хотын банк АТМ-гүй ч виза карт гар­гаж, теллерүүд нь мөнгө гаргадаг аж. Тус банкны теллерүүд Худалдаа хөгж­лийн банкны картаар бэлэн мөнгө гаргах үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Б.БЯМБАА











Банкны нэр

Шимтгэлийн дүн

Голомт банк

500 төгрөг

Худалдаа хөгжлийн банк

500

Хаан банк

500

Капитал банк

Үнэгүй

Хас банк

800-1000 төгрөг

Төрийн банк

500-3000

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж