Аймшигт хядлага эхэлчихэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Аймшигт хядлага эхэлчихэв үү?

Донорын цуснаас ХДХВ/ДОХ-ын вирус
илэрсэн нь цаашид амиа аврах гэж цус сэлбүүлэх үү, амьдралаас хагацахын
тулд уу гэх асуултыг бидэнд тулгалаа. Гэтэл энэ аймшигт мэдээллийг
дэлгэсэн хэвлэлийнхнийг эрүүл энхийн манаач нар шүүхэд өгөх тухай яриад
сууж байх юм. Энэ асуултын хариултыг авахаар Эрүүл мэндийн сайд
С.Ламбааг эрэн сурвалжилж байна. Түүний мөрөөсөл болсон монголчууд эрхэм
сайдыг хэзээ гарч ирж, юу хэлэхийг нь сонирхож байхад нөгөө нэрэлхүү,
бусдыг шүтэх, биеэ өмгөөлөх үзэл нь хөдөлсөн салбарын сайд бидний буруу
биш гэж зузаанаас зузаан тайлан бэлтгүүлэн суугаа гэдэгт нэг их
эргэлзэхгүй байна. Яаран битгий л “Болж, бүтэж л байна аа” гээд нүүрээ
улайлгахгүйг хичээгээсэй дээ.

Сүүлийн хэдэн жилд хэл хугалчих шахсан нэртэй өвчний вирустай цус
нийлүүлээгүй гэх баталгаа та нарт байна уу. Өөрсдийгөө хамгаалах гэсэн
аминчхан үзлийнхээ хүлээсээ тайлж бодлогоор бус бодит мэдээллийг өгөх
зориг зүрх бий юу гэж бас асуумаар байна.

Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
С.Төгсдэлгэрийн хэлснээр бол үгүй аж. Түүний “Донор хүнээс  ДОХ-ын вирус
илэрлээ гэж мэдээлэх албагүй” гэсэн үгийг юу гэж ойлгох вэ. Донорын
нийлүүлсэн цус ДОХ-ын халдвартай байлаа гэхэд үхэл, амьдралын заагт
байгаа өвчтөнд сэлбэж, түүнийгээ мэдээлэхгүй байж болох юм байна л
даа.  

Тухайн донорын хувьд өмнө нь 10 гаруй удаа цусаа өгч байжээ. Тэгвэл
анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар
ДОХ-ын халдвар авснаас хойш 2-6 сарын хугацаанд шинжилгээгээр илрэхгүй
байх магадлалтай. Гэтэл өнөөдөр халдвар авсан донор хамгийн сүүлд хэзээ
цус нийлүүлснийг албаны хүмүүс нууцалж байна. Энэ нь аюулын харанга
хэзээний дэлдсэн гэдгийг нотлох хангалттай шалтгаан.

Хэдийгээр ДОХ-ын халдвар авсан донорын цусыг өөр хүнд сэлбээгүй гэдгийг
холбогдох дарга нар хэлж байгаа ч үнэмшилгүй сонсогдоно. Үүнийг
үгүйсгэсэн нэгэн баримт бол Цус судлалын үндэсний төвийн дарга
П.Улаанхүүгийн “Цус сэлбүүлсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулахад эрүүл
гэж гарсан” гэх үг. Түүний хэлснээр бол донорын халдвар авсан цонх үе
буюу вирус илрээгүй байх үед нь цусыг нь авч, цус хэрэгтэй нэгэнд
сэлбэжээ. Ингэсний дараа бүх зүйл илэрсэн учраас эргээд цус сэлбүүлсэн
хүмүүсээс шилжилгээ авч. Харин шинжилгээ эерэг гарсан гэж тэрбээр хэлж
байна.

Халдвар авсан донорын цусыг өөр хүнд сэлбэсэн үү гэж асуухаар “Үгүй” гэж
хариулаад байгаа хэрнээ цус сэлбүүлсэн хүмүүсээс ДОХ-ын шинжилгээ авсан
уу гэхээр “Тийм. Эрүүл байсан” гэхийг бодоход үг, үйлдэл хоёр нь зөрөөд
байгаа юм биш үү. Тэд үнэхээр ДОХ-ын халдвартай цусыг хяналтдаа
байлгаад, гадагш нийлүүлээгүй юм бол яагаад цус сэлбэсэн хүмүүсээс
шинжилгээ аваад байгааг гайхаж байна. Яг л ханиад хүрчихлээ гээд хандсан
хүнээс хамууны шинжилгээ авсантай адил. Тэгээд хамуугүй гэж гарахаар нь
“Эрүүл байна аа. Ханиад хүрээгүй байна” гэдэг. Үнэндээ ханиаданд
хэзээний дарлуулчихсанаа өвчтөн ч мэдээд байхад шүү.

Эргээд баримт сөхье. Цусны төвд гурван жил цусаа өгсөн донороос өнгөрөгч
наймдугаар сард ДОХ-ын халдвар илэрчээ. Тэгвэл уг донор энэ оны гарсаар
400 мл-аар гурван удаа цусаа өгчээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ оны
хоёрдугаар сард цусаа нийлүүлсэн байна. Мэдээж түүний цусыг цус
хэрэгцээтэй өвчтөнд нийлүүлж. Тэгэхээр түүний цусаар ХДХВ/ДОХ-ын халдвар
өвчтөнүүдэд шууд дамжсан гэсэн үг. Хэдийгээр албаны хүмүүс халдвар
тархаагүй гэж байгаа ч халдвар илрэх болоогүй “цонх” үедээ байх магадлал
өндөр.

 ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний цусыг өөр хүнд сэлбэвэл 100 хувийн
магадлалтайгаар шууд халдварлана гэдгийг анагаахын шинжлэх ухаан
тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ­гээр дэлхий дахинаа
бүрт­гэгдээд байгаа ХДХВ/ДОХ-ын халдварын 5-10 орчим хувь нь  энэ замаар
дамжсан байна.
1980-аад оны үед цусны өвчтэй, байнга цус сэлбүүлэх шаардлагатай хүмүүс
энэ замаар  ХДХВ/ДОХ-ын халдварыг олноор авч байсан баримт бий. Румынд,
Халимагт ХДХВ/ДОХ-ын халдвартай донорын цусыг сэлбэснээр 10 мянга орчим
нялх хүүхэд халдвар авсан гашуун сургамж бий.

Урд хөршийн хөдөөгийн тосгодод одоо ч гэсэн ядуучууд цусаа зарж, мөнгө
олох тохиолдол дэлгэрснээс болж олон хүн халдвар авч байна.

Ингэхээр энэ бүхэн Монголын мундагчуудын оношилж, нуугаад байгаагаас огт эсрэгээрээ аюултай гэдгийг шууд утгаараа баталж байна.

Тэд энэ асуудлын буруутныг олж, устгахын төлөө байдаг бол манайхан
бүхнийг нууж, хэдэн хүнийг ХДХВ/ДОХ-ын халдвараар халдварлуулсныг
хэлэхэд хэцүү. Өөрсдөө энэ дутагдлаа арилгахыг хичээхгүй байгаа цагт
ахиад ч ийм аймшигт явдал гарахгүй гэх баталгаа алга.

Тэдэнд болохоор хүний эрх эрх чөлөө хамаатай, бидэнд бол хамаагүй гэсэн
үг үү. Бид ДОХ-ын тархалтыг хазаарлах, түүнээс сэргийлэх олон ажлуудыг
хийж байгаа гэсэн байна лээ, албаны хүмүүс. Гэсэн ч бодит байдал дээр
түүнийг нэмэх гээд байгаа мэт ааш, аягийг энэ салбарыг толгойлогч нар
гаргаж, түүний уршгаар гёометр прогрессоор халдвар тээгчийн тоо
нэмэгдсээр байна. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр нь үүнд чиглэж буй нь
үнэндээ эмгэнэл биш гэж үү.

Ийм аймшигт явдал гарчихаад байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу
хийгээд байна вэ. Яагаад С.Ламбаа, түүний дор ажиллагсадтай хариуцлага
тооцох тухай асуудлыг хөндөхгүй байна вэ. С.Ламбаа өөрөө огцрох нь
энүүхэнд төдийгүй, хуулийн хариуцлага ч хүлээлгэж болохуйц аймшигтай
асуудал биз дээ, энэ чинь. Өмнө нь хордсон Хонгор сумынхныг “хамуутай”
гэж оношлоод сум суурингаар нь золиослосны гайг өнөөдрийг хүртэл жирийн
иргэд үүрсээр байгаа. Одоо хэдэн хүнийг ХДХВ/ДОХ, өөр бусад өвчний
халдвараар халдварлуулах гээд байгааг ойлгосонгүй. Засгийн газрын ээлжит
бус хуралдаан яг энэ мөчид зарлах ёстой биш бил үү. Дахиад хэдэн хүний
амьдралыг сүйрүүлэх гээд, хэнээс юун тухай мэдээллийг нууцлаад байна вэ.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж