“Эрдэнэс Тавантолгой” ХК байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК байгууллаа

Засгийн газрын ээлжит хурал­даанаар өчигдөр “Эрдэнэс Таван­толгой” компани байгуулах тухай асуудлыг авч хэлэлцээд дэмжин, баталсан байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани нь 15 тэрбум хувьцаа эзэмших эрхтэйгээр бай­гуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаар­дагдах хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөөс гаргахаар  болжээ.

УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компа­нийн  хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэм­шүүлэх бол 10 хувийг дотоодын үн­дэс­­ний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах юм. Харин 30 хүртэлх хувийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаална. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани нь дараах үүргийг хүлээж буй аж. Үүнд Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулна. Ордыг ашиглах үеийн төрийн орол­цоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шил­жүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх. Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх.

Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах, иргэд, аж ахуйн нэгжид компанийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах. Төсөл хэрэгжүүлэхэд шаард­лагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажил­лагаа явуулах үүрэг хүлээж буй юм байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өгсөн юм.

Тавантолгойд хөрөнгө оруулагчийг энэ онд багтаан шалгаруулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан хоёр дахь чухал асуудал нь Тавантолгойн ордод хөрөнгө оруулах компанийг энэ онд багтаан шал­гаруулах үүргийг Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэгт даалгажээ.  Ажлын хэсэг нь Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгд­сэн компанийг /консерциум/ нээлт­тэй хэлбэрээр сонгон шалга­руулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх юм байна.

Мөн дамжин өнгөрөх тээвэр, хөрш орнуудын боомт ашиглалтын талаар яриа хэлэлцээ хийх асуудлаар Засгийн газраас өмнө нь байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, үүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон авч үзэхээр болжээ.

Ингэхдээ ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийн хэмжээний талаар сонгон шалгаруулалтын хэлэлцээний шатанд хэлэлцэж түүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон тавих юм байна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонир­холтой гадаад орны компани болон тэдгээрийн харьяалагдах Зас­гийн газарт угтуулан тавих нөхцөлийн талаар Засгийн газраас өмнө баталсан тогтоолын дагуу хэлэлцээ хийн, сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан дуусгах юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж