
Хорин жилийн хугацаа их үү, бага уу. 200-300 жилийн түүхтэй парламентын орнуудтай харьцуулахад бага хугацаа байх л даа. Гэвч хүний амьдралын хувьд бол их хугацаа, амьдралынх нь бараг гуравны нэг нь. Тэр утгаараа парламентын хөгжил, төлөвшилд ч гэсэн багагүй цаг хугацаа, бололцоо юм даа. Мэдээж өнгөрсөн 20 жилд Монгол Улс өөрчлөгдсөн үү, өөрчлөгдсөн. Хөгжсөн үү, хөгжсөн. Ардын их хуралд хөдөөгөөс сонгогдож ирсэн хөдсөн дээлтэй нөхдүүдээс УБХ-ыг сонгож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан үетэй харьцуулахад шал өөр түвшинд хүрээд байгаа. Гэхдээ энэ нь бидний хүрч болох хамгийн дээд төвшин мөн үү гээд асуувал бас тийм биш.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд таван удаагийн парламент солигдож, тэнд давхардсан тоогоор 350 гаруй нөхөд сонгогчдыг төлөөлөн суусан байна. Гэвч эдгээрээс хамгийн үр бүтээлтэй ажилласан нь 1990-1992 оны парламент буюу УБХ гэдгийг хүн бүр дуу нэгтэй хэлдэг юм. Мэдээж үүнээс хойш шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн зүйл тоймгүй олон л доо. Гэвч үндэс суурь нь бол тэр л хэвээрээ яваа. Түүн дотор парламент өөрөө орох юм, дотор байгаа хүмүүс л солигдоод байснаас биш үйл ажиллагааны үндсэн зарчим нь бол яг хэвээрээ яваа. Парламенын үйл ажиллагааг зохицуулдаг УИХ-ын тухай хуулиуд, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд ч ялгаагүй.
Эдгээр хуулиудыг хамгийн сүүлд 2005-2006 онд буюу өмнөх УИХ-ын үед шинэчлэн найруулсан гэх боловч тэнд парламентын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, парламентаастомилогддог байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох тал дээр нэг ч ахиц гараагүй л байна. Харин 2002 онд МАХН олонхи байхдаа нэг удаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс болж УИХ, Засгийн газар хоёр нэг төвшинд оччихоод, парламент нь Засгийн газраа хянаж чадахгүй, Засгийн газар нь эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч мунгинасаар явааг бүтэн найман жил ярьж байна. Гайтай хөөтэй энэ өөрчлөлтийг авч хаяхын тулд, түүнийгээ хууль зөрчихгүйгээр хийхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам гэгчийг саяхнаас боловсруулж эхэлсэн ч бас л саадтай учраад байгаа. Манай парламентчид жил бүр л Үндсэн хуулийн өдрийг “ёслол төгөлдөр” тэмдэглэдэг хэрнээ хуулиа сайжруулья гэхээр үстэй толгой нь босчихдог гэмтэй.
Үндсэндээ парламентын төлөвшилд гол нөлөөтэй гуравхан хууль л байдаг. УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, УИХ-ын тухай багц хуулиуд. Парламент гэдэг намуудаас бүрддэг учраас сонгуульд оролцож буй намуудад тавигдах шалгуур, тэдний санхүүжилт, үйл ажиллагааг ил тод, тунгалаг болгохын тулд Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой. Үүний дараа тэдгээр намууд маань сонгогчдоос авсан бодит үнэлгээ, саналын тоондоо тэнцэхүйц хэмжээний суудлыг парламентад эзэлж, тэр хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой. 2000 оны сонгууль шиг нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан ардчилсан хүчин дөрвөн суудалтай, 50 гаруй хувийн санал авсан МАХН 72 суудалтай байж болохгүй л гэсэн үг. Үүний тулд тойрогт дулдуйдсан сонгуулийн мажоритари системийг халж, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системийг ашиглах талаар сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд ярьж байгаа.
Дараа нь сонгуулиар байгуулагдсан парламент маань ямар эрх мэдэлтэй байх юм бэ гэдэг гурав дахь асуулт. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүдээс энэ асуудлаар дор хаяж 2-3 хуулийн төсөл оруулж ирсэн. Гэсэн ч намууд “өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн” гэдэг шиг бие биеийнхээ санаачилсан хуулийн эсрэг хууль санаачлан дэгээ тавьсаар нэг чуулганы хугацааг өнгөрөөсөн билээ. Тэр байтугай байгаа хуулийнхаа хүрээнд УИХ асуудлаа шийдэж чадахаа больсон гэдгийн нэг жишээ нь хамгийн сүүлд УИХ-аас байгуулсан Авлигатай тэмцэх газрын асуудал. Сайн ч, муу ч одоо үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаж чадахгүй байгаа УИХ-ыг шүүхийн шинэчлэл, сонгуулийн төгөлдөршил, улс төрийн намуудын төлөвшилд их үүрэг гүйцэтгээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад явна гэж итгэхэд бэрх болоод байгаа хэрэг.
Уншигчид мартаагүй бол УИХ-ын намрын чуулган нээлт дээр Ерөнхийлөгч үг хэлээгүй. Үүнийгээ “өмнө гаргаж тавьсан олон асуудал УИХ дээр дэмжлэг авахгүй байгаа учраас дахиж үг хэлэх шаардлагагүй боллоо” гэж тайлбарласан санагдаж байна. Намрын чуулганы нээлт дээр хэлээгүй тэр үгээ өчигдөр парламентын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр тэсэлгүй хэлэх шиг болно лээ. “Хорин жилийн өмнө УБХ-ын нэг гишүүн 20 дугаар тогтоолын тухай сонсчихоод, харих зуураа дэлгүүрээс чихэвчний магнитофон авсныхаа төлөө бүрэн эрхээ түдгэлзүүлж байсан юм. Монголын хууль тогтоох байгууллагын олонхи нь өнөө үеийнх шиг дандаа ийм увайгүй, улаан цайм байгаагүй. Монголын шинэ, ардчилсан төрийн нэр хүндийг цэвэр тунгалаг байлгаж, төрийн нэрийг өөрийнхөө нэр, нөхөрлөлд сууж болох цагийн толбоос илүү эрхэмлэдэг сайхан уламжлал манай парламентат ёсонд байсан. Тэр ариун ёс журмынх нь төлөө, тийм өндөр босго тогтоож, тийм цэвэр эрхэм ёс суртахуунтай байсных нь төлөө Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай ардчилсан парламент болох Улсын Бага Хуралд, түүний удирдлага, гишүүдэд талархаж явах ёстой” гэж.
Үнэхээр тэр үеийн парламентын гишүүдэд өөрөө сонгогдохын төлөө тойрогтоо тэрбум төгрөг хуваарилдаг, “намынхаа нэрийг, нөхрийн нүүрийг бодоод оо” гээд бие биендээ найр тавьдаг, хийсэн хэргийг нь хаацайлдаг, хэн нэгний улс төрийн барьцаан дор асуудалд ханддаг тийм ёс зүй байгаагүй гэдгийг л хэлсэн хэрэг л дээ. Тиймээс л 20 жилийн ойн энэ өдөр эргэж харах зүйл, бодох бодол их байна даа, эрхэм парламентчид аа. Парламентын ой үнэхээр “нижгэр” боллоо, парламентчид маань Ерөнхийлөгчдөө хагас цаг загнуулсныг эс тооцвол…