
-Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын парламент үүргээ яаж биелүүлэв гэдгийг та эргэцүүлж үзсэн байх. Хууль тогтоох байгууллагын 20 жилийн алдаа, оноо юу байв. Та парламентад ямар дүн тавих вэ?
-Манай парламент хүлээсэн үүргээ боломжийн биелүүлсэн гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилийн ажлаа өөдрөгөөр дүгнэж байгаа. Үе үеийн парламентын гишүүд, үе үеийн сонгогч олон түмний итгэл найдвар энд тусгалаа олсон. Олсон ололт ч, сургамж ч их бий. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн шилжилтийг ноён нуруутай удирдсан. Ямар ч гэсэн парламент өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн гэж хэлж болно. Монгол Улсыг цоо шинэ нийгмийн тогтолцоо руу оруулах, түүний хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлыг хийж, олон хуулийг нийгмийн шинэ орчинд нийцүүлэн баталж гаргалаа. Мэдээж алдаа, оноо байлгүй яахав. Шүүмжлэл, хүлээлт, аль аль нь байсан байж таарна. Энэ бол үнэн. Гэхдээ оносон нь илүү байсан гэж үзэж байна. Өнөөдрөөс парламентын түүхийн цоо шинэ хуудас нээгдэж байна. Цаашид ч парламент түүхэн үүргээ биелүүлсээр байх болно. Хийх ажил их байна. Засч сайжруулах зүйл ч мэдээжээр их байгаа. Ийм бодолтойгоор нэгэн шинэ үедээ орж байна.
-Эрхэм гишүүдийн эрхэм зорилго юу вэ?
-Монгол Улсын парламентын гишүүд бүгдээрээ улс орноо хөгжил, дэвшилд хүргэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа. Цаашид шийдвэрлэх ёстой асуудал олон байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллацгаана. Энэ л бидний эрхэм зорилго юм.
-Та хамгийн олон жил төр түшсэн гишүүний нэг. Өнгөрсөн 20 жилээс сэтгэлд тань хамгийн тод үлдсэн зүйл юу байдаг вэ?
-Олон үйл явдал сэтгэлд тод үлдсэн дээ. Халширч шантармаар үе ч олон байсан. Шийдэх ёстой олон асуудал шил шилээ дараад байнга л түүнд дараастай явж ирлээ. Түүнийг шийдэхийн төлөө гишүүдтэйгээ хамт бүгд л зүтгэж, тэмцэж ирсэн. Хувь хүнийхээ хувьд өнгөрсөн 20 жилд их зүйлийг сурлаа. Салбар салбарын, амьдралын баялаг туршлагатай энэ олон гишүүнээс сурах зүйл их байдаг. Хамгийн гол нь сонгогч олон түмний итгэл найдвар гэж бидний цаана том зүйл байдаг. Үүнийг л бодож ажиллаж ирлээ.
-Сая Хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д хандаж нэлээд шүүмжлэлтэй үг хэллээ. Үүнийг яаж хүлээж авав?
-Тэр яахав, мэдээж хэрэг. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар шүүмжлэлтэй үг хэлсээр ирсэн. Жирийн иргэнээсээ эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл УИХ-д шүүмжлэлтэй ханддаг нь зүй ёсны хэрэг. Энэ бол мөнхийн үзэгдэл. Иргэд, олон түмэн бидний ажлыг их олон өнцгөөс хардаг. Гэхдээ Монголын парламент ноён нуруугаа хадгалж ирсэн гэдгийг дээр хэлсэн. Бидэнд хийх, шийдэх ёстой олон асуудал бий. Түүнийгээ ойлгож байгаа. Тэдгээрийг ээлж, шат дараатай шийднэ. Асуудлыг гадна талаас харахад шийдэхэд их амархан харагддаг ч цэгнэж үзээд ирэхээр маш олон зүйл тал талаас гарч ирдэг учраас их бодож, нухацтай шийдэх шаардлага гардаг. Маргаан, мэтгэлцээн ч үүсдэг. Энэ дундаас л шийдвэрүүд гарч, хууль төрж байгаа. Зарим дотор нь алдаа, эндэл байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гэхдээ л ерөнхий ноён нуруугаа хадгалж ирсэн.
Ганцхан жишээ дурдахад, байгалийн баялаг ашиглахдаа хохирол учруулсан асуудлаар зөвхөн сумын Засаг дарга нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол өнгөрсөн жилээс иргэд өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төрөөс олгосон байх жишээтэй. Гэтэл шүүхээр шийдэх болоод ирэхээр энд зөрчил бэрхшээл үүсдэг юм байна. Энэ мэтээр амьдрал баян юм хойно нэг асуудлыг шийдэхэд нөгөө талаас асуудал шинээр ургаж гарч ирж байдаг. Энэ бол амьдралын жам юм байна. Энэ болгоныг хүртээмжтэй шийдэхийн төлөө бид явж байгаа.
-Өнөөдрөөс парламентын түүхийн шинэ хуудас нээгдэж байна. Ойрын үед УИХ-аар шийдэх ямар асуудал байгаа вэ?
-Ойрын үед шийдэх олон асуудал бий. Жишээ нь, ирэх жилийн улсын нэгдсэн төсөв байна. Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын талаар гээд ганц салбараас жишээ татахад ирэх жилийн төсвөөр маш олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдэх гэж байна. Гэхдээ нэг жилд, ганцхан амьсгаагаар бүх асуудлыг шийдэж чадахгүй байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцаас сэтгүүлчид үүнийг харж болно.
-УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэзээ хэлэлцэх бол?
-Сонгуулийн хуулийг одоо Төсвийн тухай хуультай зэрэгцүүлээд хэлэлцэнэ. Ямар боловч хэлэлцүүлгийн шатыг дуусгасан.
-Сонгууль явуулах тогтолцоогоо шийдэж чадаагүй гэдэг шалтгаанаар энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан. Тогтолцоон дээрээ тохирч чадаж байгаа юу?
-Иргэний төлөөллөө хангасан, бүх хүний санал хаягдахгүй тийм тогтолцоог сонгож авах талаар одоо ид ярьцгааж байна. Гэхдээ, үнэн хэрэг дээрээ энэ хоёрын аль алийг хослуулсан зөв хувилбар, төгс шийдлийг олж чадахгүй байгаа. Иргэний төлөөлөл ч байдаг, сонгогчдын санал хаягддаггүй тийм тогтолцоог олох гэж бодож, бодож улс даяараа нэг тойрог болж, нэр дэвшигчид нэрсийн жагсаалтаараа дэвшээд иргэд саналаа өгдөг тэр тогтолцоог л хайж олсон. Гэтэл бас л шүүмжлэл гарч байна. Тэгэхээр төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоог олж чадахгүй юм билээ.
-Гэхдээ аль нэг тогтолцоог сонгож таарна. Аль нь өнөөдөр амьдралд илүү нийцнэ гэж та үзэж байгаа вэ?
-Би бол хосолмол тогтолцоо руу явах байх гэж бодож байна.