Якутын театрынхан 110 уран бүтээлч Монгол ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Якутын театрынхан 110 уран бүтээлч Монгол ирлээ

Дуурь бүжгийн эрдмийн театр, Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд Якутын дуурийн театрын уран бүтээлчид манай оронд айлчлан тоглолт хийх гэж байгаа билээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэд захирал Маргарита Владимировна Васильева, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн нар оролцов. Якутын театрын уран бүтээлчид анх удаа Монголд 110 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд гурван хоногийн хугацаанд дэлхийд алдартай хоёр балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран тайзнаа амилуулах юм. Мөн хамтарсан гала тоглолт хийгээд буцахаар төлөвлөжээ.
Энэ талаараа Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэд захирал Маргарита Владимировна Васильева хэлэхдээ “Манай театрынхан анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсад ирж байна. Бид нийт 110-уулаа ирж байгаа юм. Үүнээс 51 балетын жүжигчин, арван гоцлол хөгжимчид, арван дуурийн гоцлооч, 21 техникийн уран бүтээлчид, бусад нь нүүр хувиргагч тайз засалт, удирдаач, найруулагч, санхүү, менежментийн хүмүүс байна. Бид энэ удаад 22-нд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 23-нд С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг тайзнаа тоглоно. Мөн 24-нд Монгол, Якутын театрын хамтарсан гала тоглолтыг хийнэ. Манай уран бүтээлчид тусгай нислэгээр ирж байгаа. Өнөөдөр 23.00 цагт Монголд газардана. Бид монголын үзэгчдэд ОХУ-ын Большой театрт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг хэрхэн тавьдаг, ямар тайзтай байдгийг харуулах төдийгүй дэлхийд алдартай балетмейстер Юрий Григоровичийн дэглэснээр тоглох юм. Нэрт балетмейстер Юрий Григорович манай театрт 2001 онд ирж П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өөрөө найруулж дэглэсэн, харин 2006 онд С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг дэглэсэн байгаа. Бид тэр гайхалтай хүний найруулсан, дэглэснээр та бүхэнд энэхүү хоёр дэлхийд алдартай балетыг үзүүлэх болно” гэв.

Дашрамд сонордуулахад Якутын театрын тоглолтод Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид тоглох бөгөөд Монголын оркестр Итали, Англи, ОХУ-ын уран бүтээлчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Учир нь манай улсад урилгаар ажиллаж буй Италийн нэрт удирдаач Роберто Салвалио Монголын оркестр маш чадварлаг, би анх тоглохыг нь сонсоод биширсэн хэмээн хэлж байсан бол Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Билл Диксон “Танай театрын оркестрийн тоглохыг би сонсоод сэтгэл их хөдөлсөн. Би та бүхэнд их хайртай” хэмээн хэлсэн юм. Харин ОХУ-ын удирдаач А.П.Чепурной дахин манай улсад ирж Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран Дж.Вердийн “Аида” дуурийг найруулан, тавих гэж байгаа юм.

Мөн 22-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол 23-нд С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг Якутын театрын ерөнхий удирдаач дохих гэнэ. Харин гала тоглолтод ОХУ, Монгол, Итали удирдаачдын хамтарсан тоглолт болох юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж