
Энэ үйл ажиллагааны үеэр ноён Билл Диксон хэлэхдээ “Та бүхний тоглолт миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Та нар маш чадварлаг хөгжимчид. Би та бүхэнд туслахыг хүссэн. Б.Сэргэлэн захирал бид хоёр өнгөрсөн улиралд ярилцаж суухад танай захирал надад манай театрт туслах бус харин манай хөгжимчид тэр дундаа оюутан мөртлөө ажлаа хийгээд төлбөрөө төлж байгаа залуучуудад туслах санаачилга гаргасан юм. Надад энэ санал үнэхээр сайхан санагдсан. Би өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өөрийн гэртээ хандивын оройн зоогийг зохион байгуулж хандив цуглуулсан юм. Сая театрын 48 дахь улирлын нээлт дээр би хэлж байсан дөрвөн хөгжимчинд тусалж, тэтгэлэг олгоно гэж байсан. Энэ амлалтадаа хүрч, өнөөдөр энэ бүхэн маань хэрэгжиж та бүхэнтэй уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Хэдий би Монголд ирээд нэг жил болж байгаа ч монголчууд үнэхээр найрсаг, сайхан сэтгэлтэй сайн хүмүүс гэдгийг мэдэрч байна. Мөн Монголын оркестр маш чадварлаг. Та бүхэн миний сэтгэлийг хөдөлгөдөг. Есдүгээр сарын нэгний оройн зоогт сайхан тоглолтыг үзүүлсэн хөгжимчдийг би одоо ч хараад таньж байна. Баярлалаа та бүхэнд” хэмээн хэлэв.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Билл Диксонд баярласан сэтгэлээ илэрхийлж Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид, удирдаач Ж.Бүрэнбэх, Италийн удирдаач Роберто Салвалио, ОХУ-ын удирдаач А.П.Чепурной нарын удирдлага дор Ж.Чулууны “Уран хас” балетын вальсийн аязыг тоглосон юм. Энэ үеэр ноён Билл Диксоны сэтгэл хөдөлж, нулимс унагаж байгаа харагдсан. Билл Диксон Монголын сонгодог урлаг тэр дундаа хөгжимчдөд маш их хайртай, тэднийг хүндэлдэг театрын байнгын үзэгч нарын нэг юм. Д.Анхбаяр: Амжилттай суралцаж, сургуулиа төгсөнө дөө
Энэ үеэр тэтгэлэгт багтсан хөгжимчин Д.Анхбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-Өөрт тань энэхүү тэтгэлгийн эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Ажлаа хийж байх явцдаа сургуульдаа суралцаад төгсөнө гэдэг бол бидний хувьд сайхан боломж юм. Энэ боломжийг дэмжиж өгсөн Английн элчин сайд, Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий захирал Б.Сэргэлэн дарга, нийт хамт олондоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид амжилттай суралцаж сургуулиа төгсөнө өө.
-Дуурь бүжгийн эрдмийн театрт хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Тав дахь жилдээ ажиллаж байна.
-Ямар хөгжмийн зэмсэг тоглодог вэ?
-Тромбон хөгжмийн нэгдүгээр өнгө.
-Энэ хөгжим бусад хөгжмөөс юугаараа онцлог вэ?
-Манай хөгжим бол оркестрын суурь басс талдаа ордог. Олон давуу талтай хөгжмийн оргил хэсгүүдэд хүрч өгнө.
-Анх хэдэн настайгаасаа хөгжмөөр хичээллэж эхэлсэн бэ?
-1999 оноос буюу 12 настайдаа хөгжим бүжгийн сургуульд элсэн орж суралцсан.
-Хөгжим бүжиг гэхээр багаасаа нэгдүгээр ангид элсэн суралцдаг шүү дээ. Яаж яваад хөгжим бүжигтэй холбогдсон бэ?
-Би Дорнод аймагт төрсөн. Манай хөгжим бүжгийн сургууль жил бүр орон нутгаас хүүхдүүд сонгон суралцуулдаг. Тэгээд шалгалт өгөөд тэнцээд шилжин ирж суралцсан. Манай үлээвэр хөгжмийн ангид тавдугаар ангиас нь шалгаж авдаг.
-Дуурь бүжгийн театрт хөгжимчин болсон үеэ эргэн дурсахгүй юу?
-2005 онд. Хөгжим бүжигт оркестрын хичээлийг Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Н.Туулайхүү гуай ордог байсан. Нэг өдөр Н.Туулайхүү багш өргөдөл бичиж ирээд надтай уулз гээд дуурийн театрт хөгжимчнөөр орж байсан даа.
-Залуу хүн ийм том дуурийн театрын оркестрын хөгжимчин гэж овоглох бахархалтай санагдаж байна.
-Тийм ээ. Би үнэхээр бахархаж явдаг. Хамгийн гол нь хөгжимдөө хайртай болохоор сайхан. Манай театрын хөгжимчид чинь өдөр болгон шинээр хөгжим тоглон шинээр амьдардаг хүмүүс дээ.
Г.Даша, М.Дөл