Д.Нямаа 1939 онд Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн Үүдэн бууцанд мэндэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, хүн эмнэлгийн техникум, ЗХУ-д /хуучин нэрээр/ Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн. Хүний бага эмч, зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй.
Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг албан тушаалд ажилласан, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн.
Д.Нямаа 1974 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал,1993 онд Монгол улсын төрийн соёрхол, 2009 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улааан тугийн одонтой.
“Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”,”Тэмээний нутаг” “Гитар барьсан залуус”, “”Шөнийн талд адуу янцгаана”, “Долоон бурхан” шүлгийн, “Урьхан цэнхэр зэрэглээ” Тэнгэрийн хаяа” “Атлантын түрлэг” дурсамж тэмдэглэлийн ном гаргасан.
ЭГЭЛ ХҮН
Долгорын Нямаа. Энэ хүнтэй би нэг сумынх боловч хожуухан танилцжээ. Харин бага сургуулийн сурагч ахуйдаа:
“Эрж хайгаад олдошгүй сувдан тансаг шороо
Эргэж хараад холдошгүй суварга ноён цохио…” гээд шүлгийг нь цээжээр уншиж явлаа. Нэг үгээр уран бүтээлээр нь бол хар багын танил. Тэр гайхмаар онож хэлж энгийн шүлэглэдэг ховорхон авьяастан. Олон таван үггүй. Шүлэг нь ч илүү үггүй. Хар залуугаараа Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар очихдоо “Мандах нарыг дагуулсаар Мандалын говиос ирлээ би “ гэж шүлэглэн өсч төрсөн нутгаа дэлхийд таниулан зарласан шиг санагдана.. “Оддын дунд ижлээ үзсэн шиг шөнийн талд адуу янцгаана” гээд шүлэглэчих аавын хүү хэдсэн билээ. Дарьганга нутгийн өвөрмөц нэгэн найрагч Ай. Төмөр-Очир энэ мөрийг иш татан дэлхийн сонгодгийн жишээнд тооцож байлаа. Ай маань дэндүү дэврүүн хүн л дээ. Нямаа гуай өөрөө ч товч ярина. Нэрээ хүртэл “Ням” хэмээн товчхон илэрхийлнэ. Мань хүн “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч байхдаа тэр үед Хэнтий аймгийн сонины эрхлэгч байсан намайг өөрийн орлогчоор авах гэж Намын төв хороогоор хөөцөлдсөн, түүнд нь дээд газар бид мэдлийн боловсон хүчнээ хаана ажиллуулахаа мэдье гэж томорсон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа сэтгүүлчдийн дунд яригдаж билээ. Тэр үнэн бол нутгархсан уу, бас ч нас залуу, сонин хэвлэлийнхний дунд нэр нь олонтоо дуулддагт нь сонирхсон уу бүү мэд. Энэ тухай өөрөөс нь лавлаж явсангүй. Наяад оны дундуур даа. Нямаа гуайтай Хэнтий аймагт болсон Монгол-Зөвлөлтийн зохиолчдын уулзалтын аялалд дөрөө нийлэх завшаан тэнд сонины эрхлэгчээр ажиллаж байсан над тохиосон юм. Тэнд С.Эрдэнэ, Ш.Ванчаарай, Ц.Мөнх… гээд утга зохиолын тухайн үеийн хэд хэдэн луугарууд цагаан онгоц хөлөглөн буучих нь тэр. Горно-Алтайн зохиолчид ч тэнд тэврэлдэн уулзалдав. Биндэр сумынхан Онон мөрний хөвөөнд олон цагаан гэр барьчихсан зохиолчдоо угтаж билээ. Ижил цэнхэр дээлтэй залуухан хүүхнүүдийг гэр бүрт үйлчлэгчээр тавьчихаж. Орой нь түүдэг асаан бүжиглэж гарваа. Энэ нутагт ирчихээд ёохор хатрахгүй буцвал алдас болно. Маргааш нь Ононы ногоон зүлэг хэсэгхэн газар улаан халцгай харагдсан нь мөнөөх шөнөжин ёохор хатарсны ором аж. Эрдэнэ гуай лонх “Экс” задалчихсан гэр бүрээр орж арайхан босч амжаагүй орос, монгол анд нарынхаа “Дотрыг засч” явахдаа “Нямааг би ингэтлээ бүжиглэхийг өдий болтол олон удаа зам нийлэхдээ хараагүй юм байна. Чи бүжиглэсэн газраа гарч хар даа” хэмээн хошигнож билээ. Эндхийхэн унаган хөвүүн Эрдэнэ баавайгаа ч хүндэтгэсэн үү, ах дүү Зөвлөлтийн зохиолчдоо ч нүүр улайхааргүй буцаах гэсэн үү, юутай ч хөл алдан хүлээж авсан юм.
Харин хожим Д.Нямаа :
“Сайхан Ононы хөвөөнд
Ёохор бүжиг хатарлаа
Сарны мөнгөн туяанд
Салхи татуулж хатарлаа
Дулаан шөнийн өвөр дээр
Дуулан дуулан хатарлаа
Нарс модны мөчир доор
Найган найган хатарлаа
Тохойд ассан галыг
Тойрон тойрон хатарлаа
Толгойд гарсан охийг
Үрэн таран хатарлаа
Үдшийн Ононы хөвөөнд нь
Үлдэн завдан хатарлаа
Үүрийн шаргал туяатай нь
Уулзан завдан хатарлаа” гэж “Буриад бүжиг”-тээ шүлэглэчихсэн байв. Энэ аялалын үеэр үдэлт, угталтын сүрд халамцсан уу яасан, Нямаа гуай машиндаа унтаад өгч. Цуваа нэгэн хөтөл дээр зогсоход Горно-Алтайн зохиолч Борис Укачин гэх мөнхийн халамцуу эр “Где Ням” гэсээр машин бүрийн хаалга шагайж явлаа. Өөр нэг газар салхинд гарахад Нямаа гуай сэргэчихсэн “Я жив” гэсээр орос найзтайгаа уулзаж харагдав. Бас Биндэр дэх зохиолч Ломбын Нямааг “Тоже Ням” хэмээн орос анд нартаа танилцуулах жишээтэй. Онон мөрөн үерлээд гаталж чадаагүйгээс Эрдэнэ гуайн тоонот Сэрүүн Галттайд аялалынхан очсонгүй . Тэгээд Д.Нямаа:
“Сэрүүн Галттай нутагт
Хүрэлгүй буцвал буцъя
Сэнгийн Эрдэнэ зохиолч
Дахиад намайг уриг” гэж бичсэнийг сүүлд олж үзсэнсэн.
Д.Нямаа төрж өссөн нутагтаа хачин элгэмсүү. Бараг жил бүр ирнэ. Ирэх бүрдээ олзтой буцна. Дайраад өнгөрөх төдийд л “Хонь, тэмээний нутгаар” гээд дориун тэмдэглэл өдөр тутмын сонинд нийтлүүлчих жишээтэй. Тэмээг шүтэгчдийн нэг. Олон ч шүлэг нь тэмээний тухай. Ер нь сүрхий овжин хүн. Хөвсгөлд очоод цаатны тухай олон жил судалсан эрдэмтний дайтай, танин мэдэхүйн өгөөжтэй тэмдэглэл бичсэн. Цаа буга, цаатны тухай олонтоо уншсан ч тэр дайны жинтэй мэдээллийг хүн болсоор аваагүй санагдана. Америкт хүүхдүүд дээрээ хэдэн сар байгаад ирэхдээ л “Атлантын түрлэг” гээд маш сонирхолтой ном гаргаад авсан. Дундговьд С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн ойд оролцох үедээ “Номтой нөхөрлөсөн хэн боловч гайгүй хүн болдог. Тэд хүний өөдөөс яав ч мэс гаргахгүй” гэж номын хүмүүжлийн далай их тусыг цөөн үгээр онож илэрхийлсэн нь сэтгэлд тод үлджээ.
“Мөнгөн үеийн” найрагчдын цээжинд давхиж яваа Арлааны Эрдэнэ-Очир нэгэн тэмдэглэлдээ:
“Долоон Нямаа байдаг гэнэ
Долгорын Нямаа байдаг гэнэ
Бас нэг Нямаа байдаг гэнэ
Батын Нямаа гэдэг гэнэ
Дахиад Нямаа байдаг гэнэ
Данзангийн Нямаа гэдэг гэнэ
Гоё Нямаа байдаг гэнэ
Готовын Нямаа гэдэг гэнэ
Цэвэрхэн Нямаа байдаг гэнэ
Цэндийн Нямаа гэдэг гэнэ
Лут Нямаа байдаг гэнэ
Ломбын Нямаа гэдэг гэнэ
Жаахан жаахан Нямаанууд гэнэ
Жамбын Нямаа л биерхүү гэнэ” гэж шүлэглээд :
“Найрагтаа дөмөг нь Долгорын Нямаа
Найруулалдаа дөнгүүр нь Данзангийн Нямаа
“Ормоондоо” дөнгүүр нь Батын Нямаа
Оросдоо дангүүр нь Цэндийн Нямаа
Хөдөөдөө дөнгүүр нь Ломбын Нямаа
Хөвсгөлдөө дөнгүүр нь Жамбын Нямаа
Өгүүлэлдээ дөнгүүр нь Готовын Нямаа
Үнэндээ гэхэд цөмөөрөө Ямаа” гэсэн элэглэлийг иш татсан байж билээ. Утга зохиолын энэ олон Нямааг би баргий нь мэднэ, бас танина. Долгорын Нямаатай Онон , Балж, Хурхын хөндийгөөр дөрөө нийлж,, Данзангийн Нямаатай хамт сэтгүүлчдийн дамжаанд ширээ тохойлдож, Батын Нямаатай хийсэн ярилцлагаа нутгийн нь “Урагшаа” сониндоо нийтэлж, Жамбын Нямаа руу сониныхоо сэтгүүлчдийг аялалаар илгээж, Ломбын Нямаатай Өндөрхааны шороотой гудамжаар олон жил ханилан манаргаж явлаа, хөөрхий.
Миний бие энд тэнд явахдаа “Дуу хуурын нутгийн хүү дуулна аа хө” гэсэн шахаанд бишгүй орж явлаа. Ерөөс буруу хоолойтой, амьдралдаа дуулж үзээгүй над түүн шиг хүнд шахаа гэж хаа байхав. Нэгэн удаагийн тийм шахааны үеэр “Дуулснаас үхсэн нь дээр. Үхсэнээс уусан нь дээр” гэж аяны хундагыг аргалсан нь тийм ч зохистой арга болсонгүй. Тэгээд Нямаа гуайн хэдэн шүлгийг цээжлэн унших болсон нь намайг олон удаа хүнд байдлаас “Аварч” байгаа билээ. Түүний шүлэг тогтооход амархан, бас амьдралд дэндүү ойр. Нэгэн удаагийн Нямаа гуай оролцсон уулзалтын үед нөхөд маань “Пүүжээ, “Аргалын уул” –аа унш” гэж шаардахыг сонсоод Нямаа гуай “ Намайг уншигчид ер “Аргалын уулаа унш” гэж байгаагүй юм байна. Гэтэл миний бүтээлийг нутгийн хүү маш сайн амьдруулж бас дандаа сурталчилж явдаг байна шүү” хэмээн хошигнож билээ.
“Бараа бараагаа харсан
Холын цэнхэр уул
Багаас миний хайртай
Хоёр цэнхэр уул
Зэрэглээ гүйсэн талын
Зэрэгцээ хоёр уул
Зээр цахилсан хөндийн
Сондгой хоёр уул
Саахалт хоёр айлын
Санаа нэг гэдэг шиг
Сайхан хоёр уулын
Салхи бас нийлнэ
Сайхан хоёр уулын
Салхи нийлэв гэхэд
Ботгон цагаан уулын
Бороо бас нийлнэ
Ботгон цагаан уулын
Бороо нийлэв гэхэд
Цэнхэр хоёр уулын
Цэцэг бас нийлнэ.
Холын холоос бараатай
Аргалын хоёр уул
Хоёулаа байх нь жаргалтай
Амрагийн хоёр уул
Хэн хэнээсээ холдохгүй
Талын хоёр уул
Хэзээ ч гэсэн ойртохгүй
Дууны хоёр уул” гэж өгүүлэх энэ шүлгээ хэрхэн бүтсэн түүхийг тэр нэгэнтээ ярьж асан нь сэтгэлд үлджээ. Долгорын Нямаа гэж Дундговийн Өлзийт сумнаас төрсөн хамгийн том яруу найрагч атлаа хамгийн эгэл ийм л хүн. Нямаа гуайн ээж нэгэнтээ ач охиндаа хэлж бичүүлсэн:
“Яваа зүгийн
Алтан шар зам
Ар өврөөс нь дэмж
Дэлхийн хан хурмаст
Дээр дороос нь дэмж
Төрийн их сүлд
Зүг зүгээс нь дэмж
Ума хум, ума хум” гэсэн үгээр эл бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.