Анхны парламентчид уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Анхны парламентчид уулзлаа

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулганы үеэр хамгийн хүндтэй суудлыг анхны парламентчид болох Улсын Бага Хурлын гишүүд эзэлсэн юм. Өнөөгийн эрхэм гишүүдийн суудлын араар тэдэнд зориулан тусгай суудал бэлтгэж нэрсийг нь байрлуулжээ. Тухайн үеийн Бага Хурлын 56 гишүүнээс 30 орчим хүн Хүндэтгэлийн чуулганд оролцов. Архангайн хоньчин, Бага Хурлын гишүүн асан Б.Лхагважав бор хамбан дээлээр гоён хамгийн түрүүнд шахам ирж суудлаа эзэлсэн юм. “Нэг ангийн” нөхөд нь өтлөх янз орсон байхад харин тэрбээр цаг хугацааг зогсоочихсон мэт 20 жилийн өмнөх яг тэр дүр төрхөөрөө байгаа нь эрүүл агаарт мал маллан аж төрдгийн ач тус гэлтэй. Улсын Бага Хуралд хоёрхон эмэгтэй гишүүн байсан юм. Тэдний нэг болох Монголын үндэсний телевизийн сэтгүүлч Т.Алтангэрэл агсан хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Нөгөө эмэгтэй гишүүн, хуульч Ж.Бямбажавыг “ангийн нөхөд” нь тэврэн үнсч, баяр хүргэж буй харагдав. 18 жилийн дараа уулзсан нэг ангийнхан их л баяр хөөр болж, бие биеэ тэврэн, нэг нэгнээ эрж хайж сураг тавьдаг тухайгаа хөөрөлдөж байв. Улсын Бага Хурлын байнгын хорооны дарга байсан С.Баяр гишүүн ангийнхантайгаа ирж мэнд мэдээд суудал руугаа явлаа.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга асан П.Сампилноров, дипломатч О.Очиржав, хуульч Б.Чилхаажав, бригадын генерал Д.Энхбаатар, Үндсэн хуулийн эх баригч гавьяат хуульч Б.Чимид нар Хүндэтгэлийн чуулганд оролцлоо. Харин Бага Хурлын гишүүн асан П.Улаанхүү сандал суудал заан мэдэмхийрч ангийнхныхаа тав тухыг бага зэрэг алдагдуулав.

Чуулганы дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны парламентчидад батламж гардуулсан юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж