Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Ану хатан түүчээлэв

“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 399 дугаар зарлиг гарсан билээ. Энэ ажлын хүрээнд урлаг соёлын суурь бүтээлүүд туурвих, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг мөнхжүүлэхэд чиглэсэн олон бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ ажлын эхлэл болгож “Эрдэнэт үйлдвэр” ХХК “ Монголын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч баатарлаг эмэгтэй Ану хатны мөнхийн дурсгалд зориулж “Ану хатан” түүхэн язгуур дуурь бүтээлээ.
Манжийн эрхшээлд 220 жил нухлагдаж, дэлхийн улс түмний хөгжил дэвшлээс олон зуун жилээр хоцрогдсон гашуун түүхийг бид болон бидний хойч үе мартах учиргүй юм. Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг хамгийн хүчтэй тэмцэл өрнүүлсэн, монгол түмнээ нэгтгэхийн төлөө амь бие үл хайрлан тэмцсэн баатарлаг эх оронч хатан Анударийн мөнхийн гавьяаг хүн арддаа таниулан ойлгуулахад энэхүү бүтээл хувь нэмрээ оруулах төдийгүй түүхийн сургамжийг ухаарч, мэдсэнээр эх орноо хайрлах, улс орныхоо хөгжил цэцэглэлт, хувь заяанд илүү санаа тавих, шударгаар хөдөлмөрлөхөд нь нэгэн түлхэц болох болов уу хэмээн бодож байна.
Энэ дуурийн онцлог нь сонгодог урлагийг үндэсний зан заншил, язгуур урлагтай холбож шинэ хэв маяг буй болгож байгаад орших бөгөөд хүн арддаа газар нутгаа гэх сэтгэл, эв нэгдлийг эрхэмлэх үзэл санааг уриалж байгаад оршино.
“Ану хатан” дуурьт тууль хайлах, хөөмий, үндэсний хөгжмийн аялгуу, бий биелгээ, цам зэрэг ардын язгуур урлагийн төрлүүд оролцсоноороо өвөрмөц, монгол хүний сэтгэлд ойр буухуйц болсон юм.
“Ану хатан” дуурийн цомнолыг Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Дамбийн Дашдондов бичиж, хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт Баатарын Цэрэндондов туурвиж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Э.Оюуны шагналт Дүгэрийн Одончимэг найруулжээ. Уран бүтээлийн энэ баг өмнө нь “Их Монгол улс -800”-г зохион байгуулах Үндэсний хорооны “Хамгийн шилдэг бүтээл” өргөмжлөлт “Бөртэ” хөгжимт драм, Монголын анхны фольк дуурь болох “Есүхэй” түүхэн язгуур дуурийг бүтээсэн нь үзэгч олны таашаал хүлээсэн билээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК “ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн соёл урлагийн арга хэмжээний салхийг хагалж  “Нэгэн мянганыг эзэгнэсэн суутан”, “Онон Балж бол домог түүхийн өлгий” соёлын цуврал арга хэмжээ, “Бөртэ” хөгжимт драм тавьж манлайлсан шигээ Үндэсний хувьсгалын 100 жилийн ойн соёл урлагийн арга хэмжээний салхийг “Ану хатан” дууриараа хагалж байгаагаараа бахархалтай юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК монголын соёл урлагийг хөгжүүлэхэд нийгмийн хариуцлагатай компанийхаа хувьд ямагт манлайлж ирсэн бөгөөд  өмнөх жилүүдэд “Эрдэнэт-Их урлаг” 2 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж төвийн урлагийн 6 том театр чуулгын тоглолтыг зохион байгуулж, орон нутагт анх удаа улсын “Болор цом” наадмыг ивээн тэтгэн явуулж, орон нутагт анхны уран зургийн галерей байгуулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж