
Сэргээшийн хэрэгт холбогдож, 21 сарын хугацаанд уралдаан, тэмцээнд оролцох эрхээ хасуулсан Бээжингийн олимпийн 400 метрийн гүйлтийн аварга ЛаШон Мерритт “Лондон-2012” олимпийн наадамд оролцох боломжгүй талаар Олон улсын олимпийн хорооноос мэдэгдлээ. Мерриттийн шийтгэлийн хугацаа 2011 оны долдугаар сарын 27-нд дуусгавар болох хэдий ч ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамсын мэдэгдсэнээр 2008 оны зургадугаар сард баталсан ОУОХ-ны дүрмийн дагуу Мерритт Лондонгийн олимпод өрсөлдөх боломжгүй гэнэ. Тэрбээр “Дүрэмд заасны дагуу зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар шийтгэл хүлээсэн аливаа тамирчин дараагийн олимпод оролцох боломжгүй. Энэ дүрэм ямар ч тамирчны хувьд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Хэрэг, шалтгаан бүр харилцан адилгүй бөгөөд тамирчин хуулийн байгууллагад хандах боломжтой боловч ОУОХ-ны дүрэм бүгдэд эрх тэгш үйлчлэх болно” гэжээ.
ОУОХ-ны энэхүү шийдвэрийн талаар Америкийн арбиторын холбооноос мэдэгдэл хийж, ОУОХ-ны дүрэм нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хууль дүрмийн эсрэг бөгөөд тус агентлагийн дүрмийн дагуу бол ОУОХ-ноос Мерриттийн Лондонгийн олимпод оролцох эрхийг нь хасах учиргүй гэсэн байна.
Мерриттийн шийтгэл 2009 оны аравдугаар сарын 28-наас эхэлсэн учир ирэх оны наймдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой юм. Тэрбээр өөрөө допингийн эсрэг төвийн удирдлагатай хамтран ажиллаж, өөрийн буруугаа хүлээсэн учир түүнд ногдуулах байсан 24 сарын шийтгэлээс гурван сарыг хассан ажээ.
Ш.Тэргэл