“Реал” талбайдаа “Милан”-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

“Реал” талбайдаа “Милан”-ыг буулган авлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө Буурал тивийн ногоон талбайд өрнөлөө. Аваргуудын лигийн E, F, G, H хэсгийн нийт найман тоглолт болсон бөгөөд үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд өнөө шөнө үргэлжлэн явагдах юм.

Олны анхаарлын төвд байсан G хэсгийн Испанийн эзэн хааны “Реал Мадрид” болон Италийн Сери А лигийн гол төлөөлөгчдийн нэг “АС Милан” багуудын тоглолт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд өрнөж, талбайн эзэд 2:0 харьцаатай ялалт байгууллаа. Мөн өчигдөр “Челси”, “Баейрн Мюнхен” болон “Арсенал” клубууд Европын тэргүүн цомын төлөөх өрсөлдөөнд ээлжит ялалтаа авснаар бүгд 100 хувийн амжилтаар хэсгээ манлайлж байна.

“Реал” өнгөрсөн улиралд хэсгийн шатанд “Милан”-д хожигдож байсан бол энэ удаад тэд Португаль мэргэжилтэн Жозе Моуриньогийн удирдлага дор “Россонеричууд”-ыг төвөггүй буулган авсан. Тоглолтын эхний хагаст 13, 14 дэх минутад ердөө ганцхан минутын зайтай Криштиан Рональду, Месут Озил нар гоолдсоноор тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Малага”-гийн хаалганд дубль хийсэн Рональду 13 дахь минутад Марко Амелиягийн хаалганд эхний гоолыг оруулсан юм. Тэрбээр ийнхүү сүүлийн гурван тоглолтод тав дахиа гоолдсон нь энэ байлаа. Удалгүй дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Ронни Германы шигшээн хагас хамгаалагч Озилд зүүн жигүүрээс дамжуулалт өгч, улмаар Озил тооны харьцааг 2:0 болгон холдуулсан.

“Милан”-ы хувьд 29 дэх минутад гоолын боломж тохиосон ч хаалгач Икер Касильяс хаалгаа бат манаснаар Андреа Пирлогийн цохилт амжилтгүй болсон юм.

Мөн тэдний хамт тэмцээний G хэсэгт сугалаа таарсан Голландын “Аякс” клуб талбайдаа Францын “Осер”-ыг 2:1 харьцаатай хожсон байгаа. Ширүүхэн өрнөсөн тоглолтын хоёрдугаар хагаст л гэхэд гурван тоглогч талбайгаас хөөгдсөн. Ийнхүү гурван тоглолтын дараах байдлаар G хэсгийг “Реал” есөн оноотой тэргүүлж байгаа бол “Милан”, “Аякс” клубууд дөрвөн оноотой удаахь байруудад бичигдээд байна. Харин туршлага муутай “Осер” гурван тоглолтдоо хожигдсоноор хэсэгтээ сүүл мушгиж байгаа юм.

Гуравдугаар тойргийн тоглолтыг нээж, Москва хотын Лужники цэнгэлдэхэд зочилсон Английн цомын аварга “Челси” ОХУ-ын “Спартак Москва” клубыг нь талбайд нь 2:0-ээр хожсоноор 100 хувийн амжилтаар F хэсгийг тэргүүлж байна. ОХУ-ын шигшээ хамгийн хамгаалагч Юрий Жирков 23 дахь минутад гоолдож, “Челси”-гийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо оруулсан бол 43 дахь минутад франц довтлогч Николя Анелька тооны харьцааг 2:0 болгосон юм.

Мөн F хэсэгт багтсан Францын “Марсель” болон Словакийн “Жилина” багуудын тоглолт Марсель хотноо өрнөж, талбайд эзэд 1:0 харьцаатай ялалт байгуулснаар Аваргуудын лигийн анхны оноогоо авчээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 49 дэх минутад Сенегал хамгаалагч Диавара оруулсан байна.

Аваргуудын лигийн Е хэсгийн тухайд Германы аварга “Баейрн Мюнхен” Румыны “Клуж” багийг 3:2 харьцаатай хожсоноор хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын турш таван гоол орсон ч “Бавария”-гаас ганцхан Марио Гомес гоолдсон. Харин Румыны багаас Каду өрсөлдөгчийнхөө хаалганд ч, өөрийнхөө хаалганд ч гоол оруулсан бол Панин мөн авто гоолын эзэн болсноор өрсөлдөгчдөө хоёр гоол бэлэглэсэн юм. Харин 86 дахь минутад Кулио гоолдсон ч “Клуж” Аваргуудын лигийн хоёр дахь ялагдлаа хүлээж, гурван оноотой хэсэгтээ гуравдугаарт бичигдээд байна. Мөн энэ хэсэгт өрсөлдөж буй Швейцарийн “Базель” 3:1 харьцаатай “Рома”-г талбайд нь буулган авснаар гоолын зөрүүгээр хоёрдугаарт байрт бичигдэх болсон юм.

Харин Н хэсгийн тухайд Английн “Арсенал” Эмират цэнгэлдэхдээ “Шахтёр Донецк”-ыг 5:1 харьцаатай бут ниргэснээр 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж байна. Уг тоглолтод “Их буучид”-ын ахлагч Сеск Фабрегас гэмтлээс эргэн ирж, хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. Тоглолтын бусад гоолыг Алекс Сон, Насри, Уилшер, Шамах нар оруулсан бол талбайн зочдоос Эдуардо нэр төрийн гоолыг 82 дахь минутад оруулсан юм.

Түүнчлэн Н хэсэгт Португалийн “Брага” 2:0 харьцаатай талбайдаа Сербийн “Партизан”-ыг хожиж, анхны хожлоо авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж