С.Шаарийбуу: Багинда дахин хүн устгахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

С.Шаарийбуу: Багинда дахин хүн устгахад бэлэн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Одоогоос таван жилийн өмнө аравдугаар сарын 19-ний өдөр Малайз улсад Монгол эмэгтэй Ш.Алтантуяа онц хэрцгийгээр алагдсан аймшигт хэрэг гарсан билээ. Тухайн үед олон улсын хэвлэл мэдээллээр зүгээр нэг аллага бус, бизнес, улс төрийн зорилготой гэх мэдээлэл олонтаа гарч байсан. Хэрэг гарах үед  Малайз, Монголын засгийн газар, Хүний эрхийн байгууллагууд нэлээд анхаарлаа хандуулж байсныг санаж байгаа биз. Улс төрийн золиос болж, харийн хүний гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав  Б.Шаарийбуугаас цөөн асуултад хариулт авлаа.

    -Өнөөдөр/өчигдөр/ таны охиныг Малайзад хөнөөсөн хэрэг гарсан өдөр. Одоо болтол энэ хэрэг шийдэгдээгүй хэвээр  л байна?

    -Тийм ээ. Энэ асуудалд Монгол Улсын төр анхаарахгүй байна шүү дээ. Би ганцаараа хаа  хүртэл  явах вэ. Яваад яваад үр дүнгүй гэдэг нь тодорхой. Миний охиныг хөнөөсөн аравдугаар  сарын 19-ний өдөр Малайзчуудын баярын өдөр. Энэ өдрийг зориудаар сонгож, аймшигт хэргээ үйлдсэн байж ч болно.

    -Саяхан энэ хэргийг дахин сэргээсэн талаар гадаадын хэвлэлүүдэд гарсан. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу?

    -Тийм мэдээлэл би огт сонсоогүй ээ. Энэ хэрэг цаанаасаа улс төрийн зорилготой зохион байгуулалттай  учраас л өнөөдрийг хүртэл таг дуугүй сууж байгаа байх. Би ойрдоо гадаадын интернэт сайтаар ороогүй. Ийм мэдээлэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надад өмгөөлөгчөөр дамжуулан мэдэгдэх ёстой байх. Үүнийг нэг ёсондоо Монголын Засгийн газар, Гадаад харилцааны яамныхан хийх ёстой.

    -Өмгөөлөгчтэйгөө харилцаа холбоотой байгаа юу?

    -Өнгөрсөн тавдугаар сард холбоо барьсан. Түүнээс хойш сураггүй л байна. Ер нь тэгээд дорвитой юм хэлдэггүй юм даа.

    -Өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа нь ямар шалтгаантай гэж та үзэж байна?

    -Төрийн оролцоо л дутаж байна. Бас төрийн байгууллагын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлүүд, Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудлыг орхигдуулж байгаа нь тодорхой боллоо. Би чинь хувь хүн. Хаана ч очоод оруулах, уулзуулах газар олдохгүй. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас  асуухаар бид зүгээр суугаагүй  л гэдэг юм.  Чухам юу хийгээд яагаад байгаа нь мэдэгдэхгүй. Түүнчлэн хоёр улсын элчин сайдууд нь итгэмжлэх жуух бичгээ барилгүй 2 жил боллоо. Хоёр улсын хооронд ямар нэг тохиролцоо, зөвшилцөл байдаг юм болов уу. Хэргийг замхруулах гэсэн тийм муухай зүйл байдаггүй байлгүй дээ. Бас Малайз дахь өргөмжит Консул нь саяхан зургаан сард ажлаа өгсөн гэсэн. Тэгэхээр энэ хэргийг  хариуцах эзэнгүй болчихсон байгаа биз дээ. Саяхан тэр Багинда гэгч барууны хэвлэлд “Дахиад Монгол хүн устгахад бэлэн” гэх утгатай мэдэгдэл гаргасан гэж сонссон. Үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй ч хэрвээ тэгэж хэлсэн бол Монголын ард түмний хувьд том доромжлол бус уу.

    -Хэргийг замхруулах гэж байна гэж та хэлэх гээд байна уу?

    -Улс төрийн зорилготой аливаа хэргийг ингэж замхруулах нь ганцхан Малайз, Монголын бус дэлхий нийтийн хандлага юм байна даа. Гэхдээ энэ хэргийг замхруулахыг би  хүсэхгүй. Төр энэ асуудлыг анхааралдаа аваасай л гэж бодох юм. Малайз руу өнөөдөр ч өөрийн биеэр очиж чадна. Гэвч ганцаараа очоод сайндаа л өмгөөлөгчтэй уулзахаас хэтрэхгүй.

    -Та Хүний эрхийн байгууллагуудад  хэргийг анхааралдаа авах асуудлаар санал хүсэлт тавьсан уу? 

    -Очоод уулздаг л юм. Гэвч тодорхой юм хэлдэггүй ээ. Сарын өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Хүний эрхийн зөвлөх  Ц.Сосормаа, УИХ-ын гишүүн З.Энхболд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нэг дор цуглаж энэ асуудлаар ярилцах санал тавьсан. Гэвч сонирхолгүй болчихсон юм уу өөрсдийгөө цэвэрхэн авч гарах гэдэг юмуу нааштай хариултыг өгсөнгүй. Эдгээр хүмүүстэй  Ийгл телевизийн ярилцлагад өнөөдөр /өчигдөр/ орж энэ асуудлаар ярилцах байсан ч ирэх хүн олдоогүй. Би ганцаараа яриад яахав дээ гээд больсон.

    -Цаашид энэ хэрэгт ямар байдлаар хандах хэрэгтэй гэж та бодож байна?

    -Олон түмний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн журмаар  асуудлыг газар дээрээс нь очиж сурвалжилж болно шүү дээ. Энэ нь  хамаагүй хүчтэй, үр нөлөөтэй байх болов уу. Гэтэл сэтгүүлчид таамгаар сургаар л бичээд байдаг. Мөн Монголын төр, Хүний эрхийн байгууллагууд үүнийг орхигдуулахгүй, анхааралдаа байлгавал нааштайгаар шийдэгдэх байх гэж бодох юм.

    С.ОТГОН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж