
“Манчестер Сити”-гийн менежер Роберто Манчини багийн ахлагчаа аварга шиг тоглож байна хэмээн магтжээ. Аргентины довтлогч маань Премьер лигийн наймдугаар тойрогт лигт шинээр дэвшсэн “Блэкпуль”-ийг хожиход хоёр гоол оруулж, гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Мөн цомыг хамгаалагч “Челси”-д “МанСити” цорын ганц хожигдлыг нь амсуулаад байгаа. Тэрхүү тоглолтонд мөн л Тевез гоол хийсэн юм. Саяхан хөлбөмбөгөөс уйдаж байгаагаа зарлан олныг гайхшруулаад байгаа Карлос Премьер лигийн сүүлийн 31 тоглолтонд 28 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаагаад байна. Аргентин залуу маань өнгөрсөн улиралд “Манчестер Сити”-гийн төлөө 29 гоолыг оруулаад амжсан. “Блэкпуль”-ийн эсрэг хийсэн хоёр гоол нь түүнийг Премьер лигт тоглож байсан Өмнөд Америкийн тоглогчдын манлайд гаргасан байна. Түүний өмнө Уругуайн Гус Пойет Өмнөд Америк тоглогчдыг гоолын тоогоороо тэргүүлдэг байсан аж. “Карлос эхний 45 минутанд сайн тоглоогүй. Гэхдээ түүний дараа тэр хоёр гоолыг хийлээ. Тиймээс би түүнийг аварга гэж байгаа юм. Энэ нь түүн шиг тоглогчид багт яагаад хэрэгтэйг харуулж байгаа хэрэг юм” гэж Роберто Манчини өгүүлсэн байна.
Score Studio