
100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн V, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн МҮОХ-ны байранд өнөөдөр өглөө эхэллээ. Тэмцээнд Азийн даамын холбооны гишүүн Япон, Өмнөд Солонгос, Хятад, Казахстан, Узбекстан, Афганистан, Вьетнам, Лаос, Монгол зэрэг орны эрэгтэй 14, эмэгтэй 11 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөх юм. Тэдний дунд гурван их мастер, долоон олон улсын болон Дэлхийн даамын холбооны мастер багтаж байгаа. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Ази тивийн гурав, Монгол Улсын 10 удаагийн аварга, Их мастер Д.Эрдэнэбилэг, улсын аварга, Дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, улсын аварга, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, спортын мастер Д.Ганболд нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс Ц.Энхзаяа болон Э.Мандахнаран, Б.Түвшинзаяа нарын долоон тамирчин эх орноо төлөөлөн оролцоно.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус тэмцээнийг МҮОХ, БТСХороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТВ, “Боловсрол суваг” ТВ, “Зууны мэдээ” сонин, Шууд.мн сайт ажиллаж байгаа ажээ.
С.Цэлмэг