
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ганц хуулийн төсөл хэлэлцсэн бөгөөд үдээс өмнө эхэлсэн хуралдаан сунжирч үд хүртэл үргэлжлэв.
Хуралдаанаар Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Монгол Улсын Ан агнуурын тухай хууль нь шинэчлэгдэн батлагдаад есөн жил өнгөрч байгаа бөгөөд 2002 онд хуулийн гурван заалтан дээр нэмэлт өөрчлөлт орсон, тэр нь үндсэндээ агнуурын амьтны гаралтай эд зүйлсийг нэг нутгаас нөгөө нутаг руу авч явахад гарал үүслийн тодорхойлолт авч явах тухай ганц харилцааг зохицуулжээ.
Байгаль орчны яамнаас “хамгаална гэдэг зөв ашиглалт” гэх бодлогыг баримтлан ан агнуурыг зүй зохистой ашиглах, хамгаалалтад оруулах зохицуулалтыг нэмэлтээр тусгажээ. Тухайлбал, ан агнуурын бүс нутгийг тогтоож тухайн орон нутгийн иргэдийг зохион байгуулалтад оруулан хамгаалуулж, ан агнуураас олох орлогоос нөхөрлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байхаар тусгасан байна.
1980-аад оны үед манай орныг 40,0 орчим мянган аргаль хонь, 140,0 орчим мянган халиун буга, 44,0 мянга орчим баданга хүдрийн нөөцтэй гэж эрдэм шинжилгээний байгууллагаас тогтоосон байдаг ба сүүлийн 10 орчим жилийн дотор дээрх агнуурын ховор ан амьтдын тоо толгой 90 хүртэл хувиар буурсныг сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээнд зохион байгуулсан тархац нөөцийн судалгааны дүн нотолж байна. Түүнчлэн элбэгт тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, үнэг, хярс зэрэг агнуурын амьтад ховор амьтны жагсаалтад орохоор болтлоо тоо толгой нь цөөрчээ. Энэ нь хууль бус агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаатай шууд холбоотой гэж үзээд дээрх зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хамгааллын менежментийг нь боловсронгуй болгох шаардлагатай болгож байгаа талаар Байгаль орчны сайд танилцууллаа.
Уг хуулийн төслөөр тусгай төлбөртэй агнуулж буй ан амьтны хураамжийн орлогын 30 хувийг тухайн агнуурын амьтны байршил нутгийг хариуцан хамгаалж буй орон нутгийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалтаар олгохоор тусгаж байгаа нь тухайн нутгийнхаа зэрлэг ан амьтнаа хамгаалах хэрэгт оролцох боломж, идэвхийг дээшлүүлэх, урамшуулах эдийн засгийн хөшүүрэг болно хэмээн үзжээ.
Мөн тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг хориглох, ан хийхэд тавих шаардлагыг тодорхой болгон хуульчлах, зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг хориглох хугацааг шинэчлэн тогтоохоор тусгажээ. Түүнчлэн хуулийн төсөлд хуулиар хориглосон ан агнуур, тэдгээрийн түүхий эдийг худалдаж байгаа этгээдийг хууль бусаар агнасантай адилтган тооцож адилхан авч үзэхээр болов.
Хуралдаан сунжрах болсон шалтгаан нь хуралдаанд оролцогч гишүүдээс багагүй саналууд гарч, тухай бүрийг нь хэлэлцсэнтэй холбоотой юм. Хуралдаанд оролцсон гишүүдээс хуулийн хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэх саналыг оруулан, хуулийн нэр томьёог нарийвчлан тодотгох шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн Д.Энхбат “энэ төсөл хуучин хуулийн ан хамгаалах тухай, төрийн байгууллагууд ямар ажиллах тухай л байна. Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох эрхийг нь нөхөрлөлд өгөхгүй бол үр дүнд хүрэхгүй. Хуульд анчин хүний эрх, үүргийг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн санал гаргажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд “Ан гээд байх зүйл үлдсэн юм уу. Нөхөрлөл байгуулаад, ангийн бригад зохион байгуулаад байх хэрэг байна уу. Шүлхий тарааж байгаа хэмээн цагаан зээрийг устгасан нь зөв үү” хэмээн асуухад Байгаль орчны сайд Л.Гансүх “Бид 1000 гаруйг л устгасан. Цагаан зээр боломжийн тоо толгойтой байгаа. Харин өнгөрөгч онуудад талын чоныг их хэмжээгээр устгасантай холбогдуулан байгалын тэнцвэр алдагдан ийнхүү өвчин гарах шалтгаан болсон. Энэ хууль батлагдсанаар агнуурын амьтны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, өсгөж үржүүлэх ажилд нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо нэмэгдэх эрх зүйн орчин бүрдэх болно” хэмээн хариуллаа. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр ийнхүү хуулийн төсөл хэлэлцэгдээд хорь гаруй саналтайгаар Ажлын хэсэгт шилжлээ.