Байтаг-Улиастайн боомт энэ сарын сүүл хүртэл ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Байтаг-Улиастайн боомт энэ сарын сүүл хүртэл ажиллахгүй

Хил хамгаалах ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт хил орчимд гарсан зөрчлийн мэдээг гаргажээ. Тодруулбал, энэ сарын 18-нд Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр гадаадаас морьтой хоёр хүн улсын хил зөрчин, Давст сумын иргэн Ю.Цогбадрахын зургаан адууг хулгайлан буцаж гарсныг ОХУ-ын талтай хамтран шалгаж эхэлсэн байна. Шалгалтын дүнд одоогоор хоёр адууг олж эзэнд нь хүлээлгэн өгчээ.

 
Тус ангийн хариуцсан хэсгээр мөн энэ сарын 19-ны өдөр тус сумын иргэн Д.Отгонхүү нь бэлчээрээр хил давсан малаа авах зорилгоор улсын хил зөрчсөнийг, мөн аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 15-нд Тэс сумын иргэн Д.Баттогтох Оросын нутагт малаа бэлчээрлүүлснийг тус тус саатуулан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэвэр ногдуулах арга хэмжээ  авсан байна.
 
Ховд аймаг дахь Байтаг–Улиастай боомтын зам цасанд хаагдсанаас  хуваарийн дагуу гуравдугаар  сарын 16-30-ны хооронд ажиллуулах боломжгүй  болсон тул  боомтыг нээхгүй байх талаар Хятадын талтай  харилцан тохиролцсон аж.
 
Тиймээс Монгол Улсын засгийн газрын 2009 оны 367 дугаар тогтоолыг үндэслэн гуравдугаар сарын 16-20-нд түр боомт нээн ажиллуулж, БНХАУ-ын талаас тусламжаар өгч буй 1000 тн эрдэнэшишийн буурцаг, 300 тн хорголжин тэжээл, 270 тн өвсийг хүлээн авах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.
Г.Дарь  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж