
Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Мөн хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас оруулж ирсэн байна. Уг асуудлыг хэлэлцээд төсөл санаачлагчдаас зарим нэг нэмэлт мэдээлэл лавлагаа авсны дараа буюу өнөөдөр байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цаазаар авах ялд моратори тавьсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаазын ялыг бүрмөсөн халахаар хуулийн төсөл санаачлаад байгаа. Энэ асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Тиймээс энэ удаа Хууль зүй дотоод хэргийн яам болон Гадаад хэргийн яамнаас дээрх Протоколд нэгдэн орохоор УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирсэн нь цаазын ялыг халах тухай Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэгтэй байгаа хэрэг юм.