
Энэхүү бүс нутгийн ихэнх орнууд эдийн засгийн дунд шатны өсөлтийн үе дэх сорилтыг даван туулахад гол анхаарлаа хандуулж байна. Хятадын хувьд эдийн засгийн өсөлтийн ерөнхий суурь болон хөрөнгө оруулалтын хоорондын харилцааг тэнцвэржүүлэх, тогтвортой байдлыг хадгалах нь эн тэргүүний зорилт байх ажээ. Харин Монгол, Зүүн Тимор, Шинэ Гивинэй, Лаос зэрэг ашигт малтмалаас орлого олдог орнуудын хувьд тунгалаг, нээлттэй байдлыг баталгаажуулах нь ихээхэн чухал гэж Дэлхийн банкнаас анхааруулав. Бүсийн дунд орлоготой орнууд өндөр орлоготой орны төвшинд очихын тулд хүний нөөц болон бодит зүйлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, инновацийг дэмжих шаардлагатай гэнэ.
Бүс нутгийн эдийн засаг тууштайгаар сэргэн тэнхэрч байгаа тул Зүүн Өмнөд Азийн олон орны Засгийн газрууд дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн сорилтуудыг даван туулахад гол анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ үйл явц улс орнуудад харилцан адилгүй байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөв байдал ирэх арван жилд сайн байх хэдий ч эдийн засгийн өсөлтийн болон хөрөнгө оруулалтын хэв маягаа өөрчлөн тэнцвэржүүлэх нь чухал ач холбогдолтой гэж эдийн засагчид дүгнэжээ. Түүнчлэн Монгол, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней, Лаос зэрэг түүхий эд экспортлогч орнууд нь дэлхийн зах зээл дээр өндөр хэвээр байх түүхий эдийн үнэ, улам бүр өсөн нэмэгдэх гадаад эрэлт хэрэгцээ зэргээс үлэмж ашиг хүртэх болно гэжээ. Гэхдээ эдгээр орнуудын Засгийн газруудын өмнө тулгарах томоохон сорилт бол байгалийн баялгаас орж ирэх орлогыг хөгжлийн төлөө зарцуулах, ил тод тогтолцоог бий болгох явдал юм. Бага орлоготой орнууд болох Лаос, Камбож нь дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого баримтлан аж үйлдвэрийн салбарт оруулах хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж өндөр хурдацтай хөгжиж буй хөрш орнуудтайгаа холбоо түншлэлээ бэхжүүлж байна. Бүс нутгийн дундаж орлоготой, Хятадаас бусад орнууд нь биет болон оюуны капиталд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж шинэ санаачлагыг дэмжих нь цаашид орлого нэмэгдүүлэх үндэс болно. Вьетнамд, мөн сүүлийн үед Индонезид ДНБ-нд эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Харин Малайз, Филиппин, Таиландад энэ үзүүлэлт 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үеийнхээс сайжирсан хэдий ч 1997-1998 онд Азийг нөмөрсөн санхүүгийн хямралаас өмнөх үед хүрч байсан төвшингөөс доогуур байгаа юм. Энэ нь Япон, Сингапур, Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн үеийн үзүүлэлтээс мөн доогуур байга аж. Түүнчлэн, нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээ тун доогуур байна. Оюуны болон биет капиталыг хуримтлуулснаар эдийн засгийн өсөлтийг хангаж, шинэ санаачлага техник технологийн хөгжлийг дэмжиж компаниудын бүтээж буй нэмүү өртгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Эдгээр орнууд нь хэрхэн хувийн хөрөнгө оруулалтыг татаж, дотоод дэд бүтэц харилцаа холбоог сайжруулж, мэргэшсэн болон санаачлагатай боловсон хүчний тоог нэмэгдүүлж, төв суурин газруудаа шинэ санааны уурхай болгон өөрчилж чадахаас ихээхэн зүйл шалтгаалах болно гэж Дэлхийн банкны тайланд онцгойлон дурдсаныг дуулгая.
М.Сура