975 дугаартай хувьцаа 9,30 HK доллар хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

975 дугаартай хувьцаа 9,30 HK доллар хүрэв

Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын үндэсний компаниудаас “Энержи ресурс” анх удаа IPO хийж амжилттай хөрөнгө босгож буй талаар хэвлэлүүд ид шуугиж байна. Энэ сарын 13-наас арилжаагаа эхлүүлсэн тус компанийн 975 дугаартай хувьцааны ханш тасралтгүй өссөөр байна. Өчигдөр үдээс өмнө 8.99 хонконг долларт хүрч, үдээс хойшхи арилжаагаар мөн үнэ нэмэгдэж 9,30 болов.
Хувьцаа анх 7,02 хонконг долларын үнэтэйгээр зах зээлд гарч ирсэн юм. Арилжаа эхлэнгүүт ердөө 20 минутын дараахнаас хувьцааны ханш 7.17 болж, хаалт болоход 7,35 буюу 4,7 хувийн өсөлттэйгээр анхны өдрийн арилжааг хааж байв. 7.02 хонконг долларыг ам.доллар руу шилжүүлбэл 90 орчим цент, харин төгрөгтэй тэнцэх ханш нь 168 орчим төгрөг юм. Өнөөдрийн байдлаар Төв банкнаас тогтоосон албан ханшаар хонконг доллар 168.22 төгрөгийн ханштай байна.
Энержи ресурс Хонконгийн хөрөнгийн бирж дээр ММС буюу “Mongolian Mining Corp” гэх нэрээр бүртгүүлсэн байгаа. IPO хийснээр 650 сая ам.доллар босгох төлөвлөгөөтэй ба энэ хөрөнгөөр Тавантолгойн Ухаа худагийн ордыг ашиглах юм. Тэгвэл хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох энэ том алхам амжилттай төдийгүй, харин ч санал болгосноос хэдийнэ давчихаад байна. Магадгүй ММС дахин хувьцаа гаргахыг үгүйсгэх аргагүй. MMC хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан анхны үндэсний компани. Харин өмнө нь Монголын хөрсөн доорх баялгийг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ бирж дээр хувьцаа гаргасан байгаа.
Тухайлбал, “Саусгоби Ресурс” компани. Хонконгоос гадна Торонтогийн бирж дээр бүртгэлтэй. Сүмбэрийн уурхайг байгуулахад 205 сая ам.доллар хэрэгтэй байгаа тухай компанийн захирал Александр Молинюкси ярьсан байна. Молинюксийн хэлж буйгаар Сүмбэрийн уурхайн ажил 2012 оны зун гэхэд эхлэх аж. Тус орд газрын нүүрсний агууламж өмнө нь тооцоолж байснаас харьцангуй их байгаа боловч нөөцийн шинэ тоог одоогоор зарлаагүй байгаа аж.
Өмнө нь Сүмбэрийн орд газар 77 сая тонн нүүрстэй гэж тооцоолж байсан юм. Харин Овоот Толгойн орд ойролцоогоор 283 сая тонн нүүрстэй. Компанийн зүгээс мэдэгдсэнээр өргөтгөлийн ажилд хөрөнгө оруулах 744 сая ам.доллар бэлнээр байгаа гэнэ.
Үндэсний хөрөнгө оруулагчтай, гадаадын бирж дээр гарсан анхны компани гэвэл Петро матад юм. Дэлхийн санхүүгийн төв гэгдэх Лондонгийн хөрөнгийн биржид гарч ирнэ гэдэг компанийн хувьд нэр хүндийн хэрэг. “Петро матад” Дорнод аймагт газрын тосны хайгуул хийж буй. Хайгуулын ажилдаа шаардлагатай хөрөнгийг тус захаас амжилттай босгож байгаа. Лондонгийн бирж дээрх тус компанийн хувьцаа өчигдөр 141,15 пенсийн ханштай байв.
Монголын баялгийг ашиглан олон улсын захаас дэлхийн нэр хүндтэй биржүүд дээр хөрөнгө босгож буй компаниудын жагсаалт 26-д хүрээд буй бөгөөд Red hill energy, East Asia minerals, Entrйe gold Inc гэх мэт нэрсийг дурдаж болно.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж