Ираны элчин сайд итгэмжлэх бичгээ барилаа

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Ираны элчин сайд итгэмжлэх бичгээ барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсад суух Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Махди Сафари итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг итгэмжлэх жуух бичиг өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч хоёр орон соёл, түүхийн өнө эртний ойр дотно холбоотойг дурдаад Монголын түүхэнд холбогдох ихээхэн материал Иранд байдаг тул тэдгээрийг судалж соёлын салбарт эхний ээлжинд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Элчин сайд Иран Улс Монгол Улстай соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Элчин сайд Махди Сафари нь  мэдээлэл харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр Бушер мужийн дэд захирагч, Холбоо, мэдээллийн технологийн дэд сайд, Германд Ираны элчин сайдын орлогч, Авсрти, ОХУ-д элчин сайд, Ази, Номхон далайн асуудал хариуцсан дэд сайд, Европын орнуудын асуудал эрхэлсэн дэд сайдын ажлыг тус тус хийж иржээ.

Хоёр тал элчин сайд нараа гурав дахь орноос хавсарган томилж ирсэн. Ираны тал манай улсад суух элчин сайдаа 1973, 1975, 1981, 1988, 1992 онд Москвагаас, 1997 оноос Бээжингээс хавсарган томилж ирсэн бол   Монгол Улс Иранд суух элчин сайдаа Прага, Москвагаас хавсруулан томилж байв.  Одоо Каираас хавсруулан томилохоор Ираны талтай ярилцаж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж