
Шинэчлэлийн богино түүх гэвэл ийм байна. Өнгөрсөн жилд Сенат ба Төлөөлөгчдийн танхим бие биенээсээ өөр агуулгатай хоёр хуулийг баталсан билээ. Сенатын хувилбараар нь бол тус орны эрүүл мэндийн даатгалгүй 54 сая хүний 32 саяыг нь 2019 он гэхэд даатгалтай болгох ёстой. Төлөөлөгчдийн танхимын хувилбараар даатгалд 37 сая хүнийг хамруулах ёстой байжээ. Гол ялгаа нь эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэлийн асуудал байлаа. Төлөөлөгчдийн танхим үүнийг гаргасан бол Сенатад тэр нь байхгүй байв. 2010 оны эхээр ардчилсан конгрессменүүд өөрийн хувилбараас татгалзан Сенатын гаргасан төслийн төлөө санал өгөхөөр шийдлээ. Тэд сенаторуудтай ярилцан тохирсны үндсэн дээр төсөлд нэмэлт оруулан түүнийгээ гуравдугаар сарын 21-нд баталж санал өгсөн юм. Үндсэн төслийнх нь төлөө 219 хүн санал өгч 212 хүн эсрэг байв. Түүнийг Обамад гарын үсэг зуруулан батламжлуулахаар өргөн барьсан юм. Нэмэлтийн төлөө 220 хүн дэмжсэн, 211 нь дэмжээгүй гэсэн харьцаатайгаар санал өгөгдсөн байв.
Нэмэлт арга хэмжээнүүд нь зөвшилцөлийн шинжийг агуулсан байгаа. Тухайлбал, холбооны хөрөнгийг үр хөндөлтийн санхүүжилтэд ашиглахыг хориглосон байна. Энэ заалтаар ардчилсан намынхан өөрсдийн талд бүгд найрамдахчуудын заримыг татсан билээ. Шинэчлэлийн эсрэг байсан ардчилагч нар ч буцан ирэв. Дунд ба бага орлоготой гэр бүлийн даатгалд нөхвөрийн хэмжээг нэмж өгсөн байна.
Нэмэлт арга хэмжээний өртөг нь 65 тэрбум болж гол хуулийн 875 тэрбум ам.доллар дээр нэмэгдэв. Шинэчлэлийн өртөг нийтдээ 940 тэрбум болж байгаа нь АНУ-ын сан хөмрөгт бас л багагүй дарамт болно. Гэхдээ арван жилийн дараа эмнэлгийн даатгалын хялбарчилсан систем иргэдийн амьдралыг сайжруулж, санхүүгийн ашиг авчран төсвийн алдагдлыг багасгана хэмээн хүлээгдэж байгаа юм.
Арван жилд явуулах шинэчлэлийн төлөвлөлтөд америкчуудыг заавал эрүүл мэндийн даатгалтай болгох ба хэрэв татгалзвал торгууль төлөхөөр тусгаж өгөв. Томоохон ажил олгогчид ажилтнуудынхаа даатгалыг хийж өгөх ба эс тэгвээс бас л торгуультай. Хүйсээр ялгаварлах эсвэл өвчтөй гээд үйлчлүүлэгч нарт даатгал хийхгүй байхыг даатгалын албадад хориглосон байна. Ядууст зориулан 1965 онд бий болгосон Medicaid хөтөлбөрийн хүрээнд тусламж авдаг хүмүүсийн тоо 16 сая хүнээр нэмэгдэж байгаа юм.
Хөтөлбөрт бүр гүнзий оролгүйгээр энэ шинэчлэл бүх америкчуудад таалагдаж байна гэвэл алдаа болно. Хуулийн төслийг Конгресс баталсаны дараа Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчуудын лидер Жон Бейнер шинэ хуульд тайлбар хийхдээ “Бид Америкийг сонссонгүй, сонгогчдынхоо хүсэл эрмэлзлийг төлөөлж чадсангүй. Бид тэдний хүслийг илэрхийлж чадаагүй нь бидний уналт, манай орны хувьд бас л уналт юм” гэсэн байна.

“Хэрэв санал хураалт унавал даатгалын салбар хяналтгүй болно. Хүмүүст даатгал хийх мөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах хэрэг гарна. Даатгалын урамшуулал 40, 50, 60 хувиар нэмэгдэн хяналт гэгч үгүй болно. Тэд үүнийг мэдэж байгаа, тэдний лоббичид Конгрессийн босгоор эргэлдэн энэ долоо хоногийг өнгөрөөж байна. Сая сая доллараар сөрөг сурталчилгааг цацаж байна. Хуулийг унагахын тулд тэд бүхнээ хийж байна” хэмээн Обама санал хураалтын өмнө Виржиниа мужид хэлж байв. Хууль батлагдсаны дараа тэрээр “Өөрчлөлт ийм л харагддаг юм. Энэ бол Америкийн ард түмэн ба эрүүл ухааны ялалт мөн” гэж Обама хөөрөн хэлж байлаа.
Үүний хажуугаар шинэчлэлийн эсрэг талынхан бууж өгөхөөр яарахгүй байгаа. Жишээлбэл, Виржиниа мужийн Ерөнхий прокурор Кен Куччинели “Конгрессийн баталсан хууль нь хууль мөн эсэхийг шалгуулна. Эрүүл мэндийн даатгалыг заавал бий болгож байгаа нь холбооны хууль тогтоогчид Үндсэн хуулийнхаа эрх хэмжээг хэтүүлсэн хэрэг “гэж үзэв. Мөн иймэрхүү заргыг өөр 14 мужууд гаргах юм байна.
Америкчуудын ихэнх нь энэ сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэг зуран батламжилсны дараа хүчин төгөлдөр болсон эрүүл мэндийн шинэчлэлийн тухай“Affordable Health Care for America Act” нэртэй шинэ хуулийг дэмжиж байна. USA Today ба Gallup компанийн явуулсан санал асуулгаар америкчуудын 48 хувь нь түүнийг сайн хууль, дөрвөн хувь нь маш сайн гэж нэрлэжээ. Санал асуулгад оролцогсодын 39 хувь нь үүнийг муу гэв. Ерөнхий үнэлгээгээр 49 нь сайн, 40 хувь нь муу гэж шинэ хуулийг дүгнэсэн байна.
“Affordable Health Care for America Act” гэх баримтыг Цагаан ордонд олны өмнө Барак Обама гарын үсгээ зуран батламжлахдаа “Америкчуудын бүхэл бүтэн үеийнхэн тэмцэн шаналж байсан шинэчлэлийг ажил хэрэг болгох баримтад би гарын үсэг зурж байна” хэмээн мэдэгдлээ. Хаврын эхлэлтэй хамт бид Америкийн шинэ эринг угтаж байна гэж тэр онцолж байсан юм.
Хуулийг батламжлах ёслол дээр дэд Ерөнхийлөгч “дуулиантайгаар” Обамад баяр хүргэв. Алга ташилт явагдаж байхад микро фонд үг нь сонсогдохгүй гэж бодсон Жо Байден нам дуугаар “чөтгөр шиг том ажлыг” ("big fucking deal") дуусгасанд нь Обамад баяр хүргэв. Өндөр тушаалтны хараалын үгийг тэр даруйд нь кабелийн сувгууд болон интернэтээр цацаж эхэлсэн байна. Нэгэн ажил хэрэгч нөхөр интернэтээр дамжуулан тийм үгтэй футболка зараад эхлсэн гэнэ.