Цус сэлбээгүй нь 100 хувь баталгаатай гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Цус сэлбээгүй нь 100 хувь баталгаатай гэв

ХДХВ/ДОХ-ын вирус тээгч донорын цусыг  14 өвчтөнд сэлбэжээ гэх  мэдээллийг үндэслэлгүй, ташаа мэдээлэл хэмээн Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагын төлөөөлөл сэтгүүлчдэд хандлаа.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, ЭМЯ-ны Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга С.Энхболд, ХӨСҮТ-ийн дэд  захирал Х.Сүрэнханд, ХӨСҮТ-ийн ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны дарга н.Гантөмөр,  Цус судлалын үндэсний төвийн дарга П.Улаанхүү нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэдний хэлснээр ДОХ-ын вирус тээгч донорыг эрт үед нь илрүүлээд, эрүүл хүнд тухайн цусыг сэлбэхээс  өмнө таслан зогсоосон байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр 14 хүнд ДОХ-ын вирустэй цусыг сэлбэсэн  гэх ор үндэсгүй зүйл нийтлэгдсэн гэж тайлбарласан юм. Харин сэтгүүлчид донор байсан хүнээс ДОХ-ын вирус илэрсэн байхад  дээрх мэдээллийг нуун дарагдуулж олон нийтэд мэдээлэхгүй байсан шалтгааныг лавлаж байсан юм. Түүнчлэн ДОХ-ын вирус тээгч донороос урьд өмнө нь авч басан цус үнэхээр  эрүүл гэх баталгаатай юу гэх асуулт анхаарал татаж байна. Энэ мэт асуудлаар холбогдох албаны хүмүүсээс зарим асуултад хариулт  авлаа.
-Донор хүнээс ДОХ-ын вирус хоёр сарын өмнө илэрсэн байхад мэдээллийг нуун дарагдуулж, олон нийтэд мэдээлэхгүй байх ямар шалтгаан байсан юм бэ?
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр: –ДОХ-ын халдвар тээгчийг илрүүлсэн талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлдэг. Гэхдээ энэ асуудалд Үндэсний аюулгүй байдал, хууль тогтоомж, хувь хүний эрхийн асуудал хөндөгддөг учир дэлгэрэнгүй мэдээлэх ёсгүй. Донор хүнээс  ДОХ-ын вирус илэрлээ гэж мэдээлэх албагүй.
-Одоо ДОХ-ын вирус тээгч  83 болсон. Дээрх донор хүний хувьд хэд дэхь тохиолдол болж бүртгэгдсэн бэ?
– Өнгөрсөн наймдугаар сард 80 дахь тохиолдол болж  бүртгэгдсэн. Гурав дахь жилдээ цусаа өгч байгаа хүн юм.
-Өмнө нь хэдэн удаа цусаа өгч байсан юм бол. Үнэхээр ДОХ-ын вирусгүй цус байсан гэх ямар баталгаа байна?
– Цус судлалын үндэсний төвийн дарга П.Улаанхүү: Тухайн донорын хувьд өмнө нь 10 гаруй удаа цусаа өгч байсан. Бид Донорыг цусаа өгөх болгонд шинжилгээнд хамруулдаг. Мөн тухайн дээжийг нэг жил хадгалдаг учир баталгаатай гэж хэлж чадна. Тэгээд ч цус сэлбүүлсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулахад эрүүл гэж гарсан. Манай улсад хэрэглэж буй тоног төхөөрөмж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учир тийм баталгаагүй бол болох үндэсгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж