А.Басхүү: Туг өргөх хүндтэй үүрэг ногдсон

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

А.Басхүү: Туг өргөх хүндтэй үүрэг ногдсон

Монголын чөлөөт бөхийн холбооны Шүүгдчийн зөвлөлийн ахлагч, ОУ-ын шилэгдмэл шүүгч А.Басхүү саяхан ОХУ-ын Дагестаны Хасавюрт хотноо болсон тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнд урилгаар зочлоод иржээ. Тэрбээр 2004 оноос хойш тасралтгүй жил бүр тус тэмцээнд хүндэт зочны хувиар оролцдог бөгөөд энэ удаагийн тэмцээний туг өргөх ёслолд оролцсон аж. Түүнтэй уулзаж, энэхүү нэр хүндтэй, томоохон тэмцээний талаар ярилцлаа.

-Урилгаар оролцоод ирсэн тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Москвагийн дэлхийн аваргын дараах том тэмцээн болох тив хоорондын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Дагестаны Хасавюрт хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд найман орны 11 баг хоёр группт хуваагдаж өрсөлдсөн. Ази тивээс Өмнөд Солонгосын бөхчүүд, Америк тивээс АНУ-ын баг, Европ тивээс Украйн, Беларусь, Гүрж, Азербайжан, Болгар болон ОХУ-ын баг тамирчид оролцлоо. Ингэхдээ ОХУ-ын шигшээ баг, Дагестаны баг бие дааж, мөн ЦСКА-гийн баг гээд ОХУ-аас гурван баг тив хоорондын тэмцээнд өрсөлдлөө.

-Тэмцээнд аль улсын баг тамирчид илүү байв. Тив, дэлхийд данстай олон тамирчид оролцсон байх?

-Тийм ээ. Энэ жилийн дэлхийн аваргад 84 кг-д түрүүлсэн Болгарын бөх Михаил Ганев, мөн Болгарын дэлхийн аварга Уруслав гээд олон шилдэг тамирчид Дагестанд чууллаа. Тэмцээн багийн гэдэг утгаараа халз барилдсан болохоор тун сонирхолтой болсон. Ийм учраас жин бүхний бөхчүүдийн үүрэг хариуцлага өндөр, дан хувийн биш багийн амжилт харгалзах учир өрсөлдөөнтэй явагдлаа.

-Дагестанчууд нутгийнхаа дэвжээнд түрүүлсэн гэсэн?

-Тэмцээний дүн гарахад аваргын төлөө Дагестан болон ОХУ-ын баг шалгарч, шигшээ барилдаанд дагестанчууд нутагтаа 5:2 харьцаатай ялж, тив хоорондын тэмцээний цомын аварга болсон байгаа. Ер нь тэмцээний үеэр Дагестаны бөхчүүд хүчтэй, сайн байгаа нь ажиглагдаж байлаа. Харин хүрэл медалийн төлөө Азербайжан болон ЦСКА-гийн багууд өрсөлдөж, мөн 5:2 харьцаатай ЦСКА баг ялалт байгуулсан.

-Тэмцээний шагналын сан маш өндөр гэж байсан. Энэ талаар сонирхуулаач.

-Тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг аваргын цом, 50 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 30 мянган ам.доллар, гуравдугаар байрт 20 мянга, харин дөрөвдүгээр байрт шалгарсан баг таван мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн.

-Энэ жилийн тэмцээний тухайд та туг өргөх ёслолд оролцох хүндтэй үүрэг хүлээлээ шүү дээ?

-Тийм ээ. Тэмцээний туг өргөх ёслолд оролцох хүндтэй үүрэг миний биед оногдсон. Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн долоон удаагийн аварга Александр Медведь, мөн дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Гулико Сагаразе нарын хамт бид гурав тив хоорондын тэмцээний тугийг өргөх хүндэтгэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Өчүүхэн миний хувьд ийм завшаан тохиосонд баяртай байгаа. Дагестан бол бөхийн эх орон, Оросын цуут бөхчүүдийн дийлэнх нь Дагестанаас гаралтай. Тиймээс ч бөх хүний хувьд бөхийн эх орны үзэгчид, бөхчүүд нь надад маш өндөр хүндэтгэл үзүүлсэн хэрэг гэж ойлгож байгаа. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр санагдлаа…


-За…

-Хасавюрт хот бол их онцлог хот. Хот биш юм даа, тосгон. Ердөө 140 мянган оршин суугчтай. Гэтэл энэ жижиг хотоос олимпийн найман аварга, дэлхийн 12 аварга төрсөн байна. Ийм онцлогтой, ийм агуу бөхийн өлгий нутаг болсон сайхан газар байна. Хасавюрт хотод жил бүр энэ тэмцээн болдог, мөн Дагестаны нийслэл Махачкала хотод алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит тэмцээн жил бүр болдог. Өнгөрсөн тавдугаар сард болсон уг тэмцээнд би бас урилгаар оролцоод ирсэн байгаа.

-Таны хувьд Хасавюртийн тэмцээнд хэд дэх удаагаа оролцоод ирэв?

-Арав дахь удаагаа би энэ тэмцээнд хүндэт зочноор оролцож байна. 2004 оноос тасралтгүй, заримдаа жилд хоёр удаа болдог юм. Яагаад намайг урьдаг юм, бүү мэд. Ер нь дэлхийн шилдгүүд бүгд цугладаг. Медвед, Саитиев гээд л Оросын томчууд бүгд цугладаг. Бид яахав, бөхөө яриад л сайхан л байдаг. Дашрамд нэг зүйлийг уламжилж өгөхийг хүсч байна.

-Тэгэлгүй яахав.

-Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Сагаразе 60-аад оны үед манай Ж.Мөнхбат аваргатай нэг жинд барилдаж байсан юм. Тив хоорондын тэмцээний үеэр Сагаразетай уулзахад, Ж.Мөнхбат аваргын бие лагшинг асууж, надаас нэг, хоёр насаар дүү байх учиртай, бие нь сайн уу, миний мэндийг дамжуулаарай гэж онцгойлон хүссэн. Мөн миний үед барилдаж байсан Д.Сэрээтэр гээд ахмад бөхчүүддээ бүгдэд нь мэнд хүргээрэй гэж албан ёсоор хүссэн юм. Үүнийг би өөрийн биеэр сонин хэвлэлээр дамжуулж, Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аварга, Д.Сэрээтэр гуай, М.Хойлогдорж гээд ахмад бөхчүүддээ бүгдэд нь мэнд дамжуулъя. Саяын тэмцээнд манай М.Хойлогдоржтой барилдаж байсан алдарт бөх Владимир Юмин мөн Хасавюртэд ирсэн байсан. Тэгээд Юмин ярьж байна лээ. “Би Хойлогдоржоос дутуу хэрнээ дэлхийд дөрөв түрүүлчихсэн хүн шүү дээ. Танай бөх бол үнэхээр байгалиас заяасан шилдэг бөх” гэж хэлж байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж