ДОХ-ын вирус тээгчийг оношилжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

ДОХ-ын вирус тээгчийг оношилжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ХДХВ/ДОХ-ын вирус тээгч донорын цусыг 14 өвтчтөнд сэлбэжээ гэсэн мэдээлэл өнөөдөр сонин хэвлэлээр гарч олныг цочроов. Энэ мэдээлэлд  Цус судлалын үндэсний төвийн  захирал Д.Улаанхүү дараах тайлбарыг өгч байна.

    – ХДХВ-ын вирус тээгч донор олон хүнд ДОХ-ын халдвар тараалаа гэсэн түгшүүрт мэдээлэл цацагдлаа. Эл мэдээлэлд албан ёсны хариулт өгнө үү?

    -Ор үндэслэлгүй мэдээлэл цацагдсан байна. Би энэ төвийн захирлаар 1992 оноос хойш ажиллаж буй. Энэ хугацаанд ХДХВ, тэмбүү гепатит В,С халдварыг донороос авч байсан тохиолдол байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.  Сонин, телевизээр  олныг цочроосон мэдээлэл цацсан нь олон зуун донор хийгээд цус сэлбүүлсэн хүмүүст айдас түгшүүр авчирч байгаа нь маш харамсалтай. Бид энэ асуудлаар ЭМЯ-нд  өнөөдөр 14.00 цагаас мэдээлэл хийнэ.

    Танай цус судлалын үндэсний  төвд жилд хэчнээн  хүн цусаа шинжлүүлдэг вэ?

    -Ойролцоогоор 5000 орчим хүн цусаа  шинжлүүлдэг. Үүнээс 300-400 тэмбүүгээр, 200-300 нь  гепатит В,С халдвараар  гэх мэтчилэн шинжилгээгээр  донор байх боломжгүй хүмүүс хасагддаг.

    – Өмнө нь ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн  цусаа шинжилүүлж байв уу, эсвэл сэжигтэй тохиолдол ч юм уу…?

    -Өнгөрсөн наймдугаар сард нэг хүн ХДХВ-ын вирус тээгч болох нь манай төвд өгсөн цусны шинжилгээгээр нотлогдсон.

    -Тэр халдвар тээгч анх удаагаа танайд цусаа өгсөн үү, өмнө нь донор байсан юм уу?

    Өмнө нь манайд 2-3 жил цусаа өгч байсан хүн. Гэхдээ тэр хүний өмнө нь өгч байсан бүх цус эрүүл. Харин тэрбээр  сүүлд халдвар авсан нь шинжилгээгээр гарч ирсэн. Бид энэ халдварыг эрт оношилж чадсан  гэсэн үг. Хэрэв энэ вирусын  халдварыг  оношилж чадаагүй бол та өнөөдөр надаас асуулт асуугаад сууж байхгүй байх. Би ч өөр газар байх байсан болов уу.

    – Донорын цусаар  ХДХВ-ын халдвар дамжсаныг нууцлаад байна уу гэх хардлага байна л даа?

    -Хэрэв донорын цусаар вирусын халдвар дамжсан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Бид ямар ч мэдээлэл нууцлаагүй.

    -Тухайн халдвар тээгч донорын цусыг хэн нэгэнд  сэлбэсэн юм биш биз дээ?

    – Тийм зүйл байхгүй.

    Халдвар тээгч донорын цус сэлбүүлсэн өвчтнүүд бүгд эрүүл гэсэн үг үү?

    -Эрүүл, ямар ч халдвартай цусыг хэн нэгэнд сэлбээгүй. Хэрэв тийм алдаа гарсан бол өнөөдөр энэ асуудлыг нууцлах ямар ч боломжгүй шүү дээ.

    -Тэгвэл цус сэлбүүлсэн тэдгээр өвчтнүүдийг шинжилгээнд хамруулсан уу?

    -Хамруулсан , эрүүл.

    -Манай донорын цус шинжилж буй лабораторын техник хэрэгсэл олон улсын жишигт нийцсэн үү?

    Дэлхийн жишигт хүрсэн техник хэрэгсэл бий гэж ойлгож болно.Дээд түвшинд оношлоход жилд хоёр тэрбум төгрөг шаардлагатай. Энэ шинжилгээний арга 90-99 хувийн баталгаатай.

    -Дээрх мэдээлэл бол нэг сэрэмжлүүлэг дохио юм даа. Ер нь алдаа гарахыг үгүйсэхгүй байх л даа. Танайд  донорын цус хийлгээд тэмбүү бусад өвчний халдвар авлаа гэсэн гомдол ирж байв уу?

    -Өнгөрсөн арван жилийн хугацаанд донорын цус сэлбүүлснээс халдвар авсан тохиолдол байхгүй.

    -Цус сэлбүүлсэн өвчтнүүдээс гомдол ирдэг тухай сонсож байсан болохоор асууж байгаа юм л даа?

    -Мэдээж гомдол   цус сэлбүүлсэн хүмүүсээс ирдэг. Гэхдээ тухайн хүн цус сэлбүүлснээс халдвар авсан уу үгүй юу гэдгийг тогтооно. Тухайн донорын цусыг нэг жилийн хугацаатай хадгалдаг байгаа. Тэр цусны дээжээс шинжилж үзэн халдвар аваагүй болохыг тогтоох боломжтой.

    -Энэ нэг л бодит байдалд нийцэхгүй мэдээлэл юм шиг санагдаж байна. Тухайн донорын цусыг нэг жил хүртэл хугацаагаар хадгалдаг юм байна. Жилээс хэтэрсэн тохиолдолд  донорын цуснаас халдвар авлаа гээд  өвчтөн хүрч ирвэл яаж тогтоох болж байна?

    –  Та бүхэн бодит үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол дээрх  мэдээлэл шиг ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр цацах юм бол маш хор хохиролтой. Энэ нь  донорын тоо цөөрөх хүний амь насыг аврах  цусны гачигдалд оруулах маш хор хөнөөлтэй мэдээлэл болж байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж