
Өнгөрөгч пүрэв гариг буюу энэ сарын 14-ний өдөр 23.00 цагийн үед Korean air-ийн 868 дугаар нислэгээр Солонгос улсын 13 иргэн нийтдээ 13.3 кг алтыг хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Тагнуулынхан илрүүлэн саатуулсан талаар мэдээлж байсан. Тэднийг саатуулсан даруйдаа Ганц худагт цагдан хорьж байцаалт авч эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр хураан авсан 13,3 кг алтыг Монголбанкны эрдэнэсийн санд шүүхийн шийдвэр гартал хадгалуулахаар шилжүүлжээ. Одоогоор Солонгос иргэдээс мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Орчуулагчаар дамжуулан мэдүүлэг авч байгаа учир багагүй бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Дашрамд дуулгахад тэдгээр 13 Солонгос иргэн Монгол улсад урьд нь 7-8 удаа ирж байсан гэх мэдээллээс харахад дээрх гэмт үйлдлээ удаа дараа давтсан байж болзошгүй гэх таамаг байна.
С.Отгон