МАХН-ын хүүхнүүдийн марафон

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

МАХН-ын хүүхнүүдийн марафон

МАХН-ын хүүхнүүд үс зүсээ гоодож, үе үе тольдоод ойрдоо нэг л янзтай. Өнөө жил 15 нас хүрч буй МАСЭХ-нд шинэчлэлийн салхи үлээж эхэлжээ. Энэ байгууллагыг анхлан байгуулж, тэргүүнээр нь “нүсэр” удаан хугацаанд ажилласан хүн бол УИХ-ын гишүүн асан Д.Алтай. АН-тай харьцуулахад МАХН-ын хүүхнүүд төрд “дуу таслалгүй” зүтгэж, эрчүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөөнд хөл тавьдаг. Энэ амжилтыг МАСЭХ-ны үйл ажиллагаатай холбон ойлгож болно. УИХ-ын түвшинд болон Засгийн газарт МАХН эмэгтэй гишүүдээ “суурьшуулж” чаддаг жендерийн мэдрэмжтэй улс төрийн хүчин. Бүсгүйчүүдийг ширээний чимэг төдийгөөр үлдээлгүй, бодлого боловсруулах, хууль батлах түвшинд ийнхүү хил хязгааргүй “нэвтрүүлсэн” нь ах намын нийгэмлэг имижэд тодорхой хэмжээгээр эерэг оноо авчирдаг. Үе үе МАХН-ын хүүхнүүдийн дунд сайдын суудал тойрсон ил, далд амбиц өрнөдөг боловч өндрөө авалгүй мартагддаг билээ. Магадгүй энэ нь нэг нэгэндээ “шавар хаалгүй” асуудлыг шийддэгтэй холбоотой байж болох. Өнөөгийн байдлаар тус нам УИХ-д хоёр эмэгтэй төлөөлөлтэй. Хэнтийгээс сонгогдсон Д.Арвин, Завханы Д.Оюунхорол нарын нэрийг энд дурдаж болно. Харин Засгийн газарт дөрвөн бүсгүйгээр гал мануулдаг. НХХ-ийн сайд Т.Ганди, ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал нар МАХН-ын эмэгтэйчүүдийг төлөөлөн төр барилцаж байгаа.

Эмэгтэйчүүдийн байгууллагынхаа дуу хоолойг сонсож ажилладаг нь эндээс харагдана. Байгууллагдсанаасаа хойших 15 жилийн хугацаанд гурван удаа чуулганаа хийсэн МАСЭХ тун удахгүй, тодруулбал энэ сарын 22-нд шинэчлэлээр амьсгалсан хурал хийх зар түгээжээ. МАХН-ын дотоод бүтцэд багтсан байгууллагууд нэрээ өөрчлөх чимээ аль эрт дэгдсэн. Бодлогын хүрээнд хийгдэж буй энэ зарчмын дагуу МАСЭХ нэрээ солин, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон өөрчлөгдөж, залуусын байгууллагатайгаа “ихэрлэх” сурагтай. Үүнээс гадна тус байгууллагын тэргүүний асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн тэргүүн Д.Алтай 15 жил энэ албыг хашсан. Түүний суудлыг залгамжлах хүүхнүүдийн нэр МАХН-ын гишүүдийн дунд яригдаж эхэлжээ. Одоогоор ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, МАСЭХ-ны дэд тэргүүн Г.Идэрмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Мөнхийн үсэг” группээр овоглодог Ц.Батцэцэг нарын нэр хүчтэй сонсогдож байгаа юм. ЭМ-ийн сайд Ж.Цолмонгийн хувьд улс төрд С.Баярын лообийгоор орж ирсэн хэмээн яригддаг, хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэс нэр нь сонсогдох болсон шинэ хүн. С.Баярын хүн гэдэг утгаар нь Ж.Цолмонг дэмжихгүй байх улс төрийн үндэслэл байгааг үгүйсгэхгүй. Учир нь хэдийгээр Ерөнхий сайдын албыг С.Баяраас хүлээн авсан нь үнэн боловч С.Батболд өөрийн гэсэн “маршрутаар” улс төр хийж, тоглолт өрнүүлж, багаа бүрдүүлэх эрхтэй. Харин Г.Идэрмаагийн хувьд МАСЭХ бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ эмэгтэйг дэмжих магадлалтай.

Эл байгууллагын дэд тэргүүнээр 12 жил ажиллаж байгаа Г.Идэрмааг намын бодлогын төвшинд бэлтгэгдсэн гэлцэх бөгөөд одоогийн тэргүүн Д.Алтай дэмжиж байгаа аж. МАСЭХ-г хөл дээр нь босгоход том үүрэг гүйцэтгэсэн түүнийг нийгэмд буянтай үйлс эрхэлдэг эмэгтэй гэж НИТХ-д суудал зэрэгцдэг ажил амьдралыг нь мэдэх нөхөд үнэлдэг юм билээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхий сайд С.Батболд дэмжиж байгаа гэсэн мэдээ бий. 2004 оны УИХ-ын сонгуульд нутагтаа нэр дэвшээд ялагдсан Д.Оюунхорол “Отгонтэнгэр” дээд сургуулийг үүсгэн байгуулагч. 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулан гишүүн болсон гурван эмэгтэйн нэг. Н.Энхбаярыг шүүмжлэн зарим нэгэнд ад болж, нөгөө хэсэгт нь үнэлэгдэж байсан. Намын амьдралаас хол хөндий, энэ утгаараа өөрийн гэсэн  баггүй, дэмжлэг муутай гэсэн шүүмж түүний нэртэй хамт сонсогддог. Үүний зэрэгцээ эмэгтэй хүнд л байдаг жижиг амбийцаа дарж чадаагүй, бүсгүйчүүдэд халтай хэмээн МАСЭХ-ны гишүүд ам муутай байдаг.

    “Мөнхий үсэг” компаниар овоглодог Ц.Батцэцэг саяхан чуулганаа хийсэн МАСЗХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Нас хэтэрсэн гэдэг шалтгаанаар албаа хүлээлгэн өгсөн тэрбээр МАСЭХ-ны тэргүүнд өрсөлдөх өндөр магадлалтай хүмүүсийн нэг. Улс төрд мөн л шинэ гэж хэлж болох кадр. Тэгэхдээ МАСЗХ-ны удирдах албанд ажиллаж байсан гэдэг утгаараа намын ажлын боломжийн туршлагатай. МАХН-ын залуучуудын байгууллагынхан Дүүриймаа хэмээн сэмхэн хочилдог түүнийг У.Хүрэлсүх лообийдож байгаа чимээтэй. Үүний зэрэгцээ саяхнаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн нэр яригдах болсон. Сэтгүүлчдийн байгууллагыг өндийлгөсөн түүнийг хэвлэлийнхэн улс төрөөс харамлахгүй, харин ч итгэл өвөрлүүлэх нь мэдээж. Гэхдээ Д.Сарангэрэл улс төрийн амьдралын сайн мууг мэддэг сэтгүүлчийн хувьд энэ хүрээнд хөл тавилаа гэхэд амбийцдаа дарагдсан МАСЭХ-ноос эхлэхгүй л болов уу. Энд нэр дурдагдсан эмэгтэйчүүдээс гадна нам сэлгэж, намба алдаж давхисан М.Ичинноров нарын төдийлөн ач холбогдолгүй хүмүүсийн нэр чих дэлсэж байгаа. Н.Энхбаярын шинэхэн хөдөлгөөнийг төлөөлөн МАХН-ын ёс зүйн хорооны дарга асан Н.Удвал танхимаас нэр дэвших тухай эх сурвалж мэдээлж байна.

    МАХН-ын  эмэгтэйчүүдийг хэн удирдахыг одоогоор хэлэх хэцүү. Тэгэхдээ энэ намд нэг муу зуршил бий. Намын дарга нь хэн нэгнийг дөрлөн хөтлөөд ирдэг, гишүүд нь ярайтал эгнэн суучихаад ярсхийтэл гар өргөн баталдаг заншил Н.Энхбаярын үеэс улбаатай. Түүний энэ арга барилаас үе үеийн дарга нар нь татгалзаж чадаагүй. Саяхан болсон МАСЗХ буюу нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны хурал дээр ч мөн дээрх зуршил давтагдсаныг бид мэднэ.
    Ямартай ч МАХН-д хүүхнүүдийн марафон эхлэв. Багагүй өрсөлдөөн, хэл ам дагуулж буй энэ албанд суусан хатагтай ах намын эмэгтэйчүүдийн өмнөөс дуугарах эрхтэй болно. 2012 оны сонгуульд хэдэн эмэгтэй, чухам хэн нэр дэвшихийг намын даргатайгаа нүүр тулж ярих боломжийг өвөртөлнө. Эмэгтэйчүүддээ харьцангуй нээлттэй ханддаг, олонд танигдсан эмэгтэй улстөрчдийг төрүүлсэн МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагын алба хэн хүнд олддог завшаан биш. Энэ утгаараа МАСЭХ-г тойрсон хүүхнүүдийн марафон сонирхолтой, өнгөтэй өрнөж байна. Нийгмийг байлдан дагуулахад бүсгүй хүний цангинасан дуу хоолой, дүр төрх, үзэл бодол, мэдрэмж чухал үүрэгтэй гэдгийг мэдэрсэн, амталсан МАХН-ын хувьд эмэгтэйчүүдийн байгууллага нь нийгмийн зүрхэнд хүрч ажиллах гол судас билээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж