
Монгол Улсын төлбөрийн картын бэлэн бус гүйлгээний 50 орчим хувийг эзэлдэг Голомт банк, түүний дэд гишүүд болох Хас банк, Төрийн банк, Капитрон банк “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-нд 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдснээр “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” зарчим Монгол Улсын иргэн бүрт хүрч, үйлчлэх боломж бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр, иргэдэд учирдаг бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэл багасаж, банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай хүрч, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсч, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгднэ.
Мөн картаар үйлчлэгч аж ахуй нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ соёлтой орчинд нийтийн хүртээл болгох, харилцагч татах, банкны үйлчилгээг хамгийн ойроос авч, улмаар бэлэн мөнгөний хэрэглээ багасч, эдийн засаг дахь мөнгөний эргэлт хурдасна.
Монголбанк нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгасан “Төлбөрийн картын гүйлгээг банк хооронд 24 цагаар тасралтгүй дамжуулах клирингийн үйлчилгээг нэвтрүүлэх” гэсэн үүргээ арилжааны банкуудтай хамтарч, ажилласнаар амжилттай биелүүллээ.
Энэхүү нэгдсэн сүлжээ байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банкны хамт олонд Монголбанк талархалаа илэрхийлж байна.
Цаашид, Монголбанкны зүгээс “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г тасралтгүй, найдвартай ажиллагаагаар ханган ажиллах тал дээр илүүтэй анхаарч, Монгол Улсын үндэсний брэнд төлбөрийн картыг гаргах зорилт тавьж байна.