
Шүлхийн эсрэг зарцуулж буй хөрөнгө, хүчийг тооцвол бас л мундаг тоо бий. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт 1584 хүн, 81 мотоцикл, 320 автомашин техник хэрэгслээр устгал, ариутгал хяналтын 46, хөдөлгөөнт хяналтын 111 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймгуудын 22 сумдын нийт 2 сая 456 мянга 256 толгой хамрахаас 1 сая 940 мянга 613 толгой малыг вакцинжуулсан нь 79.0 хувьтай байна гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгсөн юм.
Баримтыг эргэн сөхье. Сүхбаатар аймагт энэ оны наймдугаар сарын 26-нд Сүхбаатар сумын “Гүн жалга” хэмээх газарт зусч буй малчин Г-гийн үхэрт өвчний шинж тэмдэг илэрсэн гэх дуудлагын дагуу аймгийн мал эмнэлэг, үржлийн газрын ажилтнууд сэг зэмийн дээжээс шинжилгээ авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторт шинжилж энэ сарын 29-нд шүлхий өвчин мөн гэдэг нь анх тогтоогдсон байна. Өвчлөл бүртгэгдсэн орон нутагт хорио цээр тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд 50 гаруй хоног ажилласан гэж яриад байгаа боловч өнөөдрийг хүртэл халдварт өвчнийг тархалтыг зогсоож чадаагүй байна.
Халчирхалтай нь тус аймагт шүлхий гарснаас хойш бүтэн сарын дараа буюу есдүгээр сарын 26-нд 195 литр, энэ сарын 6-нд 450 литр, мөн өнгөрөгч 9-нд 246 тун вакцин хуваарилжээ. Энэ нь Сүхбаатар аймгийн 893 мянган бог малыг халдвараас урьдчилан сэргийлэх аж. Ингэснээр тус аймгийн нийт малын 2/3 хувь нь халдвар авах эрсдэлтэй үлдэж байна гэсэн үг. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь вакцин хугацаа хожимдуулж нийлүүлж буй шалтгааныг “Биднээс шалтгаалсан зүйлгүй” гэж тайлбарлав.
Вакциныг халдвар гарахаас урьдчилж хийдэг атал манай улсад халдвар аль хэдийн тархаад эхэлсэн хойно “Хөл алдаж” байгаа нь салбар хариуцсан яамдын ажлыг харуулж байна.
Мөн хүрэлцэхүйц вакцин, зарцуулах хөрөнгийг бүрэн шийдээгүй атал энэ сарын 1-нээс хойш халдварын голомт бий болсон орон нутгийн удирдлагатай хариуцлага тооцно гэсэн шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Шүлхийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулаагүй малчид, сум орон нутагт энэ шийдвэр яаж нөлөөлөх бол.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, хорио цээрийн дэглэм тогтоон ажилласнаас хойш Сүхбаатар аймагт өнгөрсөн сарын 6-нд улсын төсвөөс 50 сая төгрөг төсөвлөсөн ч 20-нд тухайн аймагт захиран зарцуулах эрх нь ирсэн гэх. Мөн хоёр дахь удаа буюу энэ сарын 1-нд 150 сая төгрөг зарцуулахаар шийдсэн байна. Орон нутгийн удирдлагууд өөрийн боломж бололцоонд тулгуурлан өдийг хүртэл “Урд хормойгоор хойд хормойгоо нөхөх” маягаар ариутгал халдваргүйтэл, вакцинжуулалтын ажлаа хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөв, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэг тусламжаар нийтдээ 450 сая төгрөг зарцуулсан талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хэлж байв.
Орон нутгаас авсан мэдээллээр малын вакцинжуулалтад малчид таагүй байгаа аж. “Өмнө нь нэлээд сайн байсан вакцины чанар сүүлийн үед муудаж байгаа. Малд хийсний дараа буглах, булдруутах зэрэг хүндрэл үүсдэг. Зарим вакцин өвчнөөс хамгаалах бус өвчлүүлэх нь бий. Түүнчлэн вакциныг шаардлагатай цагт нь хэрэглэгчдэд ирүүлдэггүй” гэсэн гомдлын үгийг тухайн орон нутгийн малчид ярьж байна. Энэ талаар холбогдох ажилтнаас тодруулахад “Вакциныг 8-аас доошгүй хэмийн нөхцөлд 10-14 хоногийн хугацаанд хэрэглэх бөгөөд дээрх нөхцлүүд алдагдсан тохиолдолд хэрэглэхийг хориглодог” гэсэн тайлбарыг өгч байлаа. Нөгөөтэйгүүр шүлхий өвчин туссан малыг газар дээр нь халдвар тараахгүй байх үүднээс шууд устгалд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт шүлхий өвчнөөр өвчилсөн л бол үг дуугүй устгана. Одоогоор улсын хэмжээнд 22 мянган малыг устгалд оруулсан бөгөөд малчид тухайн орон нутгийн ханшийн 90 хувиар үнэлж нөхөн төлбөр олгоно гэсэн Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаа аж.