Галдан шатаагчийн дугуй олджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Галдан шатаагчийн дугуй олджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сэлэнгэ аймагт  өнгөрөгч есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг  гарсан бол  энэ сарын 11-ны шөнө  21.00-22.10 цагийн хооронд   автомашин,  20-40 минутын хооронд хоёр ч айлын хашаатай өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн билээ. Өнгөрөгч пүрэв гаригт мөн  айлын хашаа  шатааж нийтдээ 11 үйлдэл бүртгэгдээд байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан  ажиллаж байгаа юм. Өчигдөр Сэлэнгэ аймаг руу Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцаад ирсэн байна.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан ахлах дэслэгч Н.Төгсбаяраас тодрууллаа.

    -Сэлэнгэ аймагт галдан шатаах хэргийн тоо өдөр ирэх тутам нэмэгдэж бай­на. Энэ талаар тодруулаач?

    -Өнгөрөгч сарын 28-29-нд шилжих шөнө “Chaser” маркийн хоёр автомашин, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарсан. Мөн энэ сарын 11-ны шөнө 21 цагаас эхлэн мөн Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр багийн оршин суугч иргэн Б-ын хувийн эзэмшлийн автомашин шатаасан хэрэг гарсан бол мөн оройн 22 цагийн орчим тус аймгийн гуравдугаар багт хоёр айлын хашаан дахь өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн байна. Эл үйлдэл нийтдээ арван нэг удаагийн үйлдлээр давтагдсан бөгөөд одоогоор гурван автомашин, хоёр айлын хашаатай өвс, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарлаа. Уг хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулж уртасгасан цагаар ажиллаж байна.

    -Ийм байдлаар ажиллаад удаж байгаа шүү дээ. Сэжигтэн этгээдийг  ба­рив­чилсан уу. Ул мөр олдохгүй байгаа юм уу?

    -Одоогоор эл хэргийг мөрдөн шалгаж байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэх боломжгүй.

    -Уг хэрэгт 20 гаруй насны сэтгэцийн эмгэгтэй эрэг­тэйг холбогдуулан шалгаж буй талаар эх сурвалжийн мэдээлэл байна л даа?

    -Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэх боломжгүй гэж хэлсэн шүү дээ.

    -Тус аймагт үйлдэгдсэн арван нэгэн удаагийн галдан шатаах хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлын хэмжээг тог­тоосон уу?

    -Нэг иргэний 4.5 сая төгрө­гийн үнэ бүхий автомашин шатсан хохиролтой.Нарийв­чилсан хохирлын хэм­жээг тогтоогоогүй.

    -Хүний амь нас эрсэдсэн тохиолдол бий юү?

    -Хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй.

    -Тухайн хэргийн газраас эд мөрийн баримт олдсон уу?

    -Хэргийн газраас эд мөрийн баримтаар унадаг дугуй олдсон байна лээ.

    -Сэжигтэн этгээд цаг­даа­гийнхантай холбогдож “Намайг баривчилж ча­дах­гүй бол би галдан шатаасаар байх болно” гэсэн мэдээлэл зарим сонин хэвлэлд гарсан байна лээ?

    -Цагдаагийнхантай утсаар хол­богд­сон тохиолдол байхгүй. Ор үндэслэлгүй мэдээлэл гэж ойлгож болно.

    -Иргэдийн эд хөрөнгөд хал­даж галдан шатаах хэ­рэг үйлдсэн бол хуулиар ямар шийтгэл оногдуулдаг вэ?

    -Иргэдийн эд хөрөнгөд са­наа­тай халдсан хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 153.1-рт зааснаар  бусдын эд хөрөнгийг санаатай уст­гасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж хуульд заасан байдаг. Хэрэв галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

     Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж