
ТОДРУУЛГА 1.
2010 оны төвлөрсөн төсөвт зэсийн үнийг нэг тонн нь 4800 ам.доллар байхаар тооцож, УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд зэсийн үнэ дээшээ цойлмогц тонныг нь 5800 ам.доллараар тооцон орлогоо нэмж баталсан юм. Төсөв батлаад удаагүй байхад дахиад зэсийн үнэ өсч 8000 ам.доллар болсон учраас төсвийн орлогодоо 7500 ам.доллараар тооцон төсвөө тодотгоход хүрсэн. Тэгж байтал зэсийн үнэ уруудаж, тавдугаар сар гэхэд 6800 ам.доллар болсон тул дахиад л төсвийн орлогынхоо тооцоог тодотгоход хүрсэн юм.
ТОДРУУЛГА 2.
Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын үнийг тухайн жилийн зах зээлийн ханшаар биш ОУВС, “Bloomberg”-ийн үнийн төсөөллийн дунджаар тогтоож байхаар тогтсон юм.
ТОДРУУЛГА 3.
Ирэх 2011 оны төсвийн төсөлд нэг тонн зэсийн үнийг 8425 ам.доллараар тооцсон байгаа Урьд нь зэсийн үнийг хэт өндрөөр таамагласнаас болж төсвийн орлого тасалдан ихээхэн алдагдалд орж байсан гашуун түүх бий. Тэрхүү түүх давтагдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн төсвийн төсөл боловсруулагчдаас энэ талаар тодрууллаа. Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал:
-Ирэх оны төсөвт зэсийн үнийг 8425 ам.доллар байхаар тооцсон нь хэт өндөр үнэ биш үү. Ер нь энэ тоог хэрхэн тооцож гаргасан бэ?
-Ирэх онд дэлхийн зах зээл дээр зэс болоод бусад металл, бараа бүтээгдэхүүний чухам яг хэд байх вэ гэдгийг урьдчилж мэдэх боломж хэнд ч үгүй. Багцаа, таамаг гаргадаг газрууд бол цөөнгүй. Бид гадаадын хөрөнгө оруулалтын 10 гаруй банкны таамаглалыг үндэслэн энэ тоог гаргасан. Тэдгээр газрууд бол хандлагыг л тодорхойлдог. Тэгэхээр магадлал бүхий үнэ гэж ойлгож болно.
-Урьд нь зэсийн үнийг хэт өндрөөр тооцсон нь үнэ унах үед алдагдалд оруулж байсан шүү дээ?
-Тэр үеийн түүх давтагдахгүй байх гэж найдаж байна.
-Хүний хөгжлийн сангийн зарлагыг энэ оныхоос 470 тэрбумаар нэмэгдүүлж тооцжээ. Ийм их хэмжээний орлого орж ирэх магадлал хэр байгаа вэ?
-Төсвийн төслийг Сангийн яам дангаар гаргадаггүй. Засгийн газрын тооцоололд үндэслэж гаргадаг. Ирэх онд Тавантолгойн урьдчилгаа болон бусад төрлийн орлого нэмэгдэх магадлалтай байгаа. Хүний хөгжлийн сангийн зарлагыг тэдгээрт үндэслэн гаргасан.
Дэлхийн хэмээх тодотголтой эдийн засгийн хямралын сүүлэнд нэрвэгдсэнээс хойш арай л ухаалаг болсон байх гэж найдсан хууль тогтоогчид хийгээд төсөв зохиогчдын өнөөдөр өргөн бариад байгаа төсвийн төсөл дахиад л тодруулгын тодруулга хийх шаардлага гарах болов уу гэж эргэлзмээр харагдаж байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралт гэдэг хэний хэн бугайгаас ч хамаарах аргагүй. Тэр тусмаа мэргэжлийн шинжээчид үнэ ханшийн ойрын ч, дунд, урт хугацааны ч төсөөллийг хэлэхээсээ илт татгалздаг. Дэлхийд нэртэй шинжээч нэгэнбээр “Хэрвээ би үүнийг яг таг хэлж чаддаг сан бол өдийд тэрбумтан болчих байсан даа” гэж жуумалзаж байсан. Харин манай төсөв зохиогчид бүр мэргэч, зөнч шиг яг таг, дээрээс нь бүр өнөөдрийн төсөөллөөс ч хэтэрхий хол, өндөр тоог зүрхлэн тавьж чаджээ. Үүнийг хэрхэн тогтоосон талаар лавлах ахул өмнөөс барих тайлбар нь бас зөрөөтэй. Тодруулга 2-т харуулснаар бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталсан гэх. Харин албаны хүн /тодруулга 3/ өөрийг өгүүлэх. Ямартаа ч энэ онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулийг баримталсан гэж үзвэл, ОУВС, “Bloomberg”-ын үнийн төсөөллийн дунджийг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй байна.
Ямартаа ч ирэх жилийн төсвийн төсөлд зэсийн үнийг тэнгэрийн гэмээр төсөөллөөр суулгаж. Тэгэхээр бид зэсийн үнэ буухгүй байгаасай л гэж залбирахаас өөр яах вэ? Хэрвээ үнэ өссөн хэвээр байх ахул айх, гайхах зүйл алга. Харин доош уруудах ахул яах вэ гэдгээс л айгаад байгаа хэрэг л дээ. Бодвол дахиад л төсвийнхөө тодотголыг хийж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх ч боло уу? Дээрээс нь Тавантолгойн ашиглалт эхлэнгүүт урьдчилгаа төлбөр аваад төсвийг цоорхойгүй байлгаж чадна гэж бардам, итгэлтай байгаа юм болов уу даа, цаадуул чинь.