Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өчигдөр нийслэлд болжээ. Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Туркийн талаас Туркийн ГХЯ-ны Орос, Кавказ, Төв Ази, Өмнөд Азийн газрын захирал, Элчин сайд Фати Чейлан нар удирдан явуулжээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц байдалд дүгнэлт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтын талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Зөвлөлдөх уулзалтанд оролцогсод Монгол, Туркийн харилцааны өнөөгийн төвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ. Уулзалтын үеэр мөн олон улсын тулгамдсан зарим асуудал болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Х.Хангал