“Миний дуунууд-2010” сонгодог тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

“Миний дуунууд-2010” сонгодог тоглолт болно

Монголын Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн тоглолт 12 дахь жилдээ “Миний дуунууд-2010” нэртэйгээр зохион байгуулах гэж байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн уулзалтад урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, “Пентатоник” академийн тэргүүн, хөгжмийн зохиолч Б.Долгион, бүжиг дэглээч Г.Ган-Очир, “G Entertainment”-ийн захирал Н.Ганболд, “Хувьсал” продакшны продюсер Г.Цоггэрэл, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцов. Жил бүрийн аравдугаар сард болдог “Миний дуунууд-2010” тоглолт энэ сарын 21, 22, 23-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болох аж. Өнгөрсөн жилүүдэд тус тоглолт нь хоёр өдөр болдог байсан бол энэ жилээс үзэгчдийн хүсэлтээр гурван өдөр болох гэнэ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав одоогоос арванхоёр жилийн өмнө буюу 1999 онд “Сэтгэлийн хөг” уран бүтээлийн анхны тайлан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байсан юм. Тэр цагаас хойш жил бүр уламжлал болгон уран бүтээлийн тоглолтоо хөгжмийн зохиолч Л.Балхжав хийсээр ирсэн. Түүний уран бүтээлийн “Миний дуунууд” тоглолтыг энэ жил бүжиг дэглээч Г.Ган-Очир буюу та бидний мэдэхээр “Boom Town” хамтлагийн ахлагч ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм.

Энэ жилийн тоглолт хөгжмийн зохиолч Л.Балхжавын 12 жилийн турш туурвисан уран бүтээлийн нь сор болсон уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Монголын сонгодог урлаг, орчин үеийн урлагийн нэгдмэл шинж чанарыг дуу хөгжмөөр илэрхийлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Тоглолтод Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн “Морин хуур” чуулга, симфони найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Мөн гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин поп дива Т.Ариунаа, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, “Камертон”, “Киви”, “Мотив”, “S4”  хамтлаг, дуучин Б.Маралжингоо, зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Сонирхуулахад энэ сарын сүүлээр тоглолтоо хийхээр бэлтгэж буй “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат, ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү нар шинэ дуугаараа үзэгчдэд бэлэг барих зэрэг олон сюрприз байгаа аж.

Уламжлал ёсоор тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “UBS” телевиз ажиллаж, “Монгол газар” ХХК, “Авзага трейд”ХХК, “Total Music”, Ub Palace хамтран ажиллаж байгаа юм. Харин тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, жүжигчин “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, “UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэл нар хөтлөх юм байна. “Миний дуунууд-2010” тоглолтын тасалбарын хувьд 15000 төгрөг бөгөөд “Ub Palace”-ийн кассаар худалдаалж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж