
Рой Хожсоны удирдлага дор тоглож буй “Ливерпуль” клубын хувьд өнгөрсөн долоо хоног тун ээдрээтэй өнгөрсөн. Шүүхийн хаалга татаж, хэвлэлийн бай болсны эцэст тэд бейсболын “Бостон Рэд Сокс” клубын эзний мэдэлд очсон билээ. Клубын шинэ эзэн Жон Хенри тоглолтыг үзэж сонирхсон ч Тим Кахилл, Микель Артета нар гоолдсоноор “Эвертон” Мерсисайдын дербид 57 дахь ялалтаа авсан юм.
Тоглолтын эхний хагаст Макси Родригез, Раул Мейрелиш нар шар картны эзэн болсон бол ДАШТ-ий финалын тоглолтыг шүүсэн Ховард Уэбб “Эвертон”-ы Кахиллыг мөн шар картаар торгосон. 33 дахь минутад баруун жигүүрээс Коулмэний өгсөн дамжуулалтыг Тим Кахилл хаалганд оруулж, талбайн эзэд тоглолтыг хошуучилж эхэлжээ. Харин хоёр дахь гоол 49 дэх минутад орсон. Испанийн хагас хамгаалагч Артетад гоолын боломж тохиож, цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Пепе Рейнагийн хаалгыг мялааснаар “Эвертон” итгэл төгс тоглолтыг манлайлах болсон юм.
Ийнхүү “Эвертон” талбайдаа ялалт байгуулснаар есөн оноотой хүснэгтийн 11-рт бичигдлээ.

Мөн өчигдөр Английн хөлбөмбөгийн ногоон талбайд “Манчестер Сити” болон “Блэкпуль” багуудын тоглолт өрнөж, “Сити” 3:2 харьцаатай өрсөлдөгчөө талбайд нь буулган авчээ. Тоглолтын эхний хагас хуурай тэнцээгээр өндөрлөсөн ч сүүлийн хагаст гоолын бороо асгарч, Тевез дубль хийж, Сильва гоолдсоноор ялалт байгуулсан юм. Харин “Блэкпуль”-ээс Хэрвуд, Тейлор-Флетчер нар гоолджээ.
Ийнхүү лигийн найман тоглолтын дараах байдлаар Лондонгийн “Челси” 19 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Сити” өчигдрийн тоглолтод хожсоноор 17 оноотой хоёрдугаар байрт орж ирлээ. Харин “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм” багууд ижил 14 оноотой боловч гоолын зөрүүгээр Лондонгийн “Их буучид” хүснэгтийн гуравдугаар эгнээг эзэлж байна.