АНУ эрүүл мэндийн даатгалдаа 940 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

АНУ эрүүл мэндийн даатгалдаа 940 тэрбумыг зарцуулна

АНУ-д эрүүл мэндийн үйлчилгээ хувийн секторын мөрөн дээр илүү тогтдог. Эрүүл мэндийн даатгал нь мөн хувийн секторын үйлчилгээний хүрээнд багтдаг ба АНУ-ын төрөөс “Medicare”, “Medicaid”, “Tricare”, “Children’s Health Insurance Program”, “Veteran’s Health administration” зэрэг зарим даатгалын хөтөлбөр хэрэгжүүлдэг. АНУ-ын нийт хүн амын дор хаяж 15 хувь нь огт даатгалгүй. Мөн өөр 21 хувь нь заримдаг, хагас дутуу даатгалтай байдаг аж. Тиймээс бусад улс орнуудтай харьцуулбал Америкийн иргэдийн эрүүл мэнддээ хувиасаа зарцуулдаг зардал хамгийн өндөр байгаа ба НҮБ-ын гишүүн бусад улсуудтай харьцуулбал АНУ үндэсний орлогынхоо нэлээд хувийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулдаг байна. Хэдийгээр Америкийн иргэд бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй ч АНУ нэг хүнд ноогдох эрүүл мэндийн зардлаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ мэдээлсэн. 2001 онд АНУ-ын таван мужид хийсэн судалгаагаар эрүүл мэндийн зардлын ачааллаас болж хувь хүмүүс дампуурсан явдал нийт хувийн дампуурлын шалтгааны 62 хувь болж байна гэж “CBS” агентлэг мэдээлж байсан. Түүнээс хойш өнгөрөгч арван жилд эрүүл мэндийн зардал болон даатгалгүй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсэн.

АНУ дахь эрүүл мэндийн халамжид шинэчлэл хийх тухай асуудлыг өргөн хэлэлцэх үеэр, иргэн хүний эрүүл мэндийн халамж хүртэх эрх, бүх нийтэд хүртээмжтэй байдал, шударга ёс, хэмнэлттэй байдал, зардал чанар зэрэг асуудлууд өргөн хүрээнд яригдсан. Олон хүн эрүүл мэндийн систем зарцуулсан мөнгөтэй нь дүйцэхүйц чанартай үйлчилгээ өгөхгүй байна гэж шүүмжилж байсан. Америкчууд бусад орноос бараг хоёр дахин илүү их мөнгө төлж байгаа ч нярайн эндэгдэл, хүн амын наслалтаараа АНУ бусад хөгжилтэй орнуудаас хойно хоцорч байгаа юм. Одоогийн байдлаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудаас АНУ-д нярайн эндэгдэл хамгийн их байна. Хүн амын наслалтаараа АНУ өндөр хөгжилтэй таван улс болох Япон, Франц, Герман, Их Британиас хол хойно, дөнгөж Чилийн дараа дэлхийд 35 дугаар байранд байгаа бөгөөд түүний хойхно 37 дугаар байранд Куба жагсаж байна. 2000 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн 191 орныг хамруулан хийсэн судалгааны дүгнэлтээр АНУ-ын эрүүл мэндийн систем зардлаараа дэлхийд хамгийн өндөр, яаралтай хариу үйлдлээрээ дэлхийд нэгт, ерөнхий ажлын дүнгээрээ дэлхийд 37-д, эрүүл мэндийн үзүүлэлтүүдээр 72-т байна гэсэн дүгнэлт өгсөн. 2008 онд “Commonwealth Fund” байгууллагаас 19 орныг хамруулан эрүүл мэндийн үйлчилгээний судалгаа дүгнэлт хийхэд АНУ хамгийн сүүлийн байранд орж байсан юм.

АНУ-ын Үндэсний Академиудын харъяа “Institute of Medicine” байгууллага АНУ бол “Бүх иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулж чадаагүй цорын ганц чинээлэг, аж үйлдвэржсэн улс” гэж тодорхойлсон бөгөөд “Эрүүл мэндийн даатгалгүйн улмаас үүссэн асуудлаас болж жил бүр 18 мянган хүн шаардлагагүйгээр нас нөгчиж байна” гэж мэдэгдэж байсан. Харин 2009 онд “American Journal of Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Harvard” их сургуулийн судалгаанд дээрх тоог бүр нэмэгдүүлж “Үхүүлэхгүй байж болох байсан ч жил бүр 44800 америк иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйн улмаас  нас барж байна” гэж дурдсан байв.

2010 оны гуравдугаар сарын 23-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Өвчтөний хамгаалалт, хүртээмжтэй халамжийн тухай хууль”-нд гарын үсэг зурснаар АНУ-ын эрүүл мэндийн салбарт түүхэн өөрчлөлт хийх тухай 7500 гаруй хуудас, холбогдох бичиг баримт бүхий уг хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Ойрын арван жилд уг хуулийн хүрээнд 940 тэрбум ам доллар зарцуулагдах ба 32 сая америк иргэнийг эрүүл мэндийн даатгалд нэмж хамруулах болно гэж АНУ-ын засаг захиргаа төлөвлөөд байна. Хууль батлагдсаныг олон хүн дэмжиж байгаа ч эсэргүүцэгчид бас нэлээд олон байгаа бөгөөд тэд уг хууль одоо ч хүнд байгаа эдийн засагт нэмэлт дарамт учруулах болно, “АНУ социалист улс болох нь” гэсэн асуудлуудыг гарган тавьж, ярьж байгаа юм. Өнгөрсөн ням гаригийн орой Вашингтонд Конгресс дээр санал хураахад гишүүд 219-212 байдлаар санал өгч баталсан.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж