Хятад улс хямралын хүчээр л ингэж өөрчлөгдсөн

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Хятад улс хямралын хүчээр л ингэж өөрчлөгдсөн

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерийн “Bloomberg”-т өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхийн эдийн засаг ямархуу байна вэ. Цаашдын төлөв байдлыг нь та юу гэж тодорхойлох вэ?

-Эдийн засаг “халж” байна. Дэлхийн хаана ч өсөлт ажиглагдаж байгаа. Олон ул­сын валютын сан­гийн дүгнэл­тээр, ирэх онд улс орнуудын бодлогын хүү дунджаар дөрвөн хувьд хүрнэ.

-Энэ жилийн тухайд?

-Яг энэ оны хувьд нэг их сайнгүй байгаа ч өмнө нь таамаг­лаж байснаас бол хавьгүй дээр бай­­на. Гэхдээ бүс нутгууд хоорондоо ялгаатай гарч байгаа учраас санаа амрах болоогүй.

-Тэнцвэртэй байдал ал­даг­даж байна гэж үү?

-Яг тийм. Ази, Латин Америк, Зүүн Европын улсууд Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг орны эдийн засгийн ө­сөлт хурдасч байна. Цаашид ч тийм байх болно. Гэтэл Европ, Японд эл байдал саарч байгаа. Эдийн засагчид ирэх онд орнуудын эдийн засгийн өсөлт 1.5 хувь­тай байна гэж тооцсон. Энэ бол маш бага үзүүлэлт. АНУ-ын хувьд тодорхой хэлэх боломжгүй байгаа. Одоогийн байдлаар, эдийн засагчид манай орны эдийн засгийн өсөлт 1.5 хувьтай гэж үзэж байна. Гэхдээ зарим нь гурав хүртэлх хувиар өсч байгааг онцлох бол­сон. Ер нь шийдэх асуудал олон байна. Хэрэв өндөр технологи, үйлдвэрлэл, хө­дөө аж ахуйн салбар дахь ахиц дэвшилд гол анхаарлаа хандуулж байгаа бол тэдгээр нь хямралд хамгийн түрүүнд өртдөг гэдгийг санах хэрэг­тэй. Хэдийгээр АНУ-д ху­вийн хөрөнгө оруулалт нэ­мэг­дэж байгаа боловч энэ нь том зүйл рүү чиглэхгүй байна. Үүний шалтгаан нь хям­ралтай холбоотой. Бид байх ёстойгоосоо ихийг са­наж амьдарснаас ийм үр дүнд хүрч байгаа. Хүмүүс хэрээс хэтэрсэн их зээл авсан. Орлогоосоо илүүг зарах бол­лоо. Ингээд л санхүүгийн сал­барт том цоорхой гаргаад ирж байгаа юм. Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэг­дэж байна. Энэ нь эдийн засгийн ирээдүйн өсөл­төд чухал нөлөөтэй. Гэхдээ хийх юм их байна. Холбооны нөөцийн сангаас эдийн засгаа дэмжихийн тулд олон зүйл хийж байна.

-Тухайлбал, барьцаат зээлийг хязгаарлах замаар банкуудыг дэмжиж байгаа хэрэг үү?

-Би тэгж хэлэхгүй байх байсан. Орон сууцны зах зээл одоо ч тогтворгүй бай­гаа. Үүнээс болж олон хүн ал­даж, бас нөгөө талд олон хүн ашигтай ажил­лаж чадаж байна. Манай ул­сын томоо­хон банкууд үл хөдлөх хөрөнгө барь­цаалан зээл ол­гож байгаа. Гэх­дээ тэд алдаа гаргавал Америкийн эдийн засагт нөлөөлөхүйц үр дүнд хүрнэ. Бид­ний харж байгаачлан зарим банкны нөхцөл байдал яаж ч эргэж мэдэхээр байна. Тиймээс үүнийг шалгаж, нягтлах нь чухал.

-АНУ-д ажилгүйдлийн түв­шин 9.6 хувиас яагаад буурахгүй байна вэ. Цаа­шид энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Ажилгүйдэл их байгаа нь сая болсон эдийн зас­гийн хямрал хэр хүчтэй өрнөснийг илтгэж байгаа юм. Санхүүгийн тогтолцоонд ямар их нөлөөлсөн нь үү­нээс хараг­даж байна. Бид их хямралаас хойш ийм бай­хыг хараагүй. Өмнө нь хямралтай нүүр тулж байгаагүй хүмүүс л бизнес эрхэлж байна шүү дээ.

-Тэгэхээр тэд хөрөнгө оруу­лалт дахин хийж, шинэ үйлдвэр бай­гуулах тал дээр бэлтгэлгүй. Харин ямар нэгэн юм хүлээгээд байгаа гэсэн үг үү?

-Дахиад хэлье. Хямрал тэдэнд маш гүн “сорви” үлдээсэн. Тэд одоогийн нөх­цөл байдлыг сэжиглэнгүй хан­­даж байгаа ч чухам хэр их бараа бүтээгдэхүүн хэрэг­­тэй байгааг тодорхой мэдэх­гүй л байна. Энэ оны нэгдүгээр хагаст л гэхэд Америкийн компаниудын хөрөн­гө оруулалт 20 хувиар өссөн. Цаашид ч энэ өсөлт эрчээ алдахгүй байх. Гэхдээ иймэрхүү замаар хувийн сек­торт өсөлт ажиглагдаж бай­гаа нь эдийн засаг бүхэлдээ сэргэх үндэс болж чадахгүй.

-Тэгвэл та Сангийн сай­дынхаа хувьд тэд­ний нөхцөл байдлыг тогтвор­жуулахын тулд юу хийж чадах вэ?

-Сайхан асуулт байна. Өнгөр­сөн есдүгээр сард Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар санал дэвшүүл­сэн. Cаяхнаас үүнийгээ на­рийвч­лан танилцуулсан билээ. Юун түрүүнд дэд бүтцийг хөгжүү­лэх, зам, харилцааг сайжруулахад хө­рөн­гө оруулахаар шийдсэн.

-Бүх юм өнгөрч, хямрал ул мөрөө үлдээсний дараа яагаад үүнийг хийж байгаа юм бэ. Анхнаас нь эхлүүлж болоогүй юм уу?

-Бид хийж байсан. Өнгөр­сөн хоёр жилийн хугацаанд авч хэрэг­жүүлсэн арга хэм­жээнд дунд, дэд бүтцэд чиг­лэсэн хөрөнгө оруу­лалт цөөн­­гүй     хийж байсан. Бараг­­­цаал­­бал, улс, мужийн хэм­­жээнд 14 мянган төсөл хэрэгж­сэн. Гэхдээ хямрал бүтээн  байгуулалтын  сал­барт хамгийн хүнд туссан учирж, ойрын хугацаанд нэн даруй сэргэх боломжгүй байгаа юм. АНУ­-ын Ерөн­хий­лөгч татварын орчныг шинэчилж, тех­ник, техно­логид хийх хөрөнгө оруулал­тыг нэмэхээр болсон нь ухаалаг алхам.

-Хямралын үед эдийн засгийг дэмжих зорилгоор 700 тэр­бум ам.доллар зарцуу­лахаар төлөвлө­сөн. Түүнээс хэр ихийг нь татва­рын хөнгөлөлтөөр олгож байна вэ?

-300 тэрбум ам.доллар

-Үлдсэн 400 тэрбум ам.долларыг нь хэрхэн зарцуулах гэж байгаа бол?

-Бид ойролцоогоор 70 орчим хувийг нь зарцуулчи­хаад байгаа. Үлд­сэн   хэс­­­гийг нь дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулна.

-Паул Крагман, Жозеф Стиглиз тэргүүтэй олон эдийн за­сагч 700 тэрбум ам.доллар хан­галт­гүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө эдийн зас­гийг тогтвор­жуулахад хангалт­гүй юм биш үү?

-Би тэднийг дэмжиж бай­на. Гэх­дээ 2008 оны эцсээр бид хөрөн­гө оруулалтын татва­рыг хөн­гө­лөх замаар их ажил хийсэн. Бид яг зөв цагт нь санхүүгийн байгуул­лагуудыг дэмжиж чадсан. Хэрэв тэгээ­гүй бол ямар аймшигтай ирээдүй хүлээж байсныг төсөөлөх ч аргагүй. Ерөнхийлөгч энэ албандаа томилогдохоос өмнө эдийн засаг маш тогтворгүй бай­сан. Хэдийгээр өнөөдөр сар тутамд 700 мянган хүн ажил­гүй болж байгаа ч тухайн үед зөв арга хэмжээ авч чадаагүй бол бүр л муу байх байсан.

-Тухайн үед манайд эдийн зас­гийг дэмжихэд зориулж их наяд ам.долла­раар тоологдох хөрөнгийг зүгээр л гаргачих хүмүүс бай­гаа гэх хошин яриа гарч байсан. Үүгээрээ Засгийн газраас зарцуулж байгаа мөнгийг бага гэж  хэлэх гээд байна уу?

-АНУ-ын Ерөнхийлөг­чийн сон­гууль болохоос өмнө Конгресс 200 тэр­бум ам.долларын төс­өв  батлах  гэж  байсан юм шүү. Гэтэл бид тэр хэмжээг бараг дөрөв дахин ихэс­гэсэн. Түүнээс гадна энэ бол санхүүгийн тогтолцоог сэргээх гэсэн оролдлого. Хожим нь энэ бодло­гыг шүүмжлэх хүн олон гарч ирнэ гэдгийг бид мэдэж байсан. Одоогийн байд­лаар муж, орон нутгийн засаг захиргааг дэмжсэний хүчинд тэнд ажлын байр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, бид хямралын үед хийх ёстой арга хэмжээгээ авсан. Одоо дараа­гийн шатандаа орж байна гэсэн үг.

-Хямралд дундаж орлоготнууд хэр их өртсөн бол?

-Тэд зөвхөн энэ хямралд өр­төө­гүй. Үүнээс өмнө маш удаан хугацааны туршид орлогоо ихэсгэх боломжгүй амьдарч байсан. Энэ нь мөнгө хадгалах, хуримтлуулах гэдэг ойлголтыг бүрэн үгүй хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд ямар ч ирээдүйгүй болчихсон гэсэн үг. Бид энэ хэвээр нь орхиж болохгүй.

-Хятадын тухай ярилцац­гаая. Өнгөрсөн гурван са­­рын туршид хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр Т.Гайт­нер Хята­дыг юанийн хан­шаа чангаруулах ёстой гэж үзэж байгаа тухай он­цолж байсан. Ха­риуд нь Хятадын тал өөрсдийгөө АНУ тэргүүтэй орнууд руу  хийх экспор­тоос бүрэн хамааралтай болж бай­гааг онцолсон. Өөрөөр хэлбэл, энэ нь эдгээр оронд маш олон ажлын байр бий бол­гож байгаа гэсэн үг гэж. Үнэхээр тийм үү?

-Хятад юанийн ханшийг чөлөө­лөхийг зөвшөөрснөөс хойш­хи зур­гаан долоо хоно­гийн хуга­цаанд ердөө л 2.5 хувиар чангарсан. Бид энэ үйл явц алгуур явагдах ёс­той гэдгийг мэдэж байна. Гэх­дээ 2006-2008 онд юанийн ам.доллартай харьцах ханш 20 хувиар чангарсан.Энэ нь  Одоо­гийнхтой харьцуулахад маш боги­но хугацаанд болсон гэдгийг анхаа­рах хэрэгтэй. Гэтэл одоо яагаад алгуурлаад байна вэ. Тэр үед болсон үйл явц одоо ч  болох л ёстой. Хятадын Засгийн газар юа­нийн ханшийн өсөлтийг аль болох бага түвшинд барих гээд байна.

-Тэгвэл хамгийн өндөр түвшинд нь аваачна гэхээр яана гэсэн үг вэ?

-Хятад бол том гүрэн. Хэрэв тэд валютын ханшаа манайхаас “уяхыг” хүсч байгаа бол энэ нь Холбооны Засгийн газрын мөнгөний бодло­гоос хүссэн, хүсээгүй хамаарах болно. Тэдний хувьд бид­ний шаардаж байгаачлан валютын ханшаа чөлөөлөх хэрэгтэй. Энэ нь АНУ-ын инфляцийн аюу­лыг үгүй хийх боломж. Бид юанийн ханшийг зах зээлийн бо­дит түвшинд аваачихыг л хүсч байна.

-Гэхдээ тэд “Хэрэв ханш нь алгуур өөрчлөгдөх боломж олговол энэ нь бидний хувьд тогтвортой байх нөхцөл болно. Тун удахгүй дотоодын эрэлтээ нэмэгдүүлэх за­маар экспортоос хараат байхаа болино” гэж үзэж байгаа?

-Дэлхий ертөнц тэдний төлөө өөрчлөгдөж байгааг ойлгох ёстой. Хямрал болсны хүчинд л тэд эдийн засгийн хувьд ингэж өөрч­лөгдсөн.

-Дэлхий ертөнц яаж өөрчлөгдсөн юм бэ?

-Хятадууд экспортоос хэт хараат болох вий хэмээн болгоомжилж байна. Хэдий­гээр дотоодын зах зээлээ өр­гөт­гөхийг зорих болсон ч валютын ханшийн өөрчлөлт тэ­дэнд  ямар  үр дүн авчирс­ныг ойлгож л байгаа. Манай­хаас Хятад руу хийх экспортын хэмжээ өнгөрсөн хугацаанд огцом буурсан. Үүн­тэй  харь­цуулахад Хята­дынх эрс нэмэгд­сэн. Бидний хүсч байгаа зүйл бол бүгд тог­лож болох тийм дүрмээр л тоглоомыг үргэлжлүүлэх юм.

-Хятадын Засгийн газар Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн хэлж байсантай адил утгатай  мэдэгдэл гаргаж байна. Тэд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн?

-Хятадыг ойлгоход хэцүү. Тэднийг гаднаас дүгнэх бо­ломж­гүй. Гэхдээ нарийн яри­вал АНУ-тай л адилхан. Бээжингийн хэрэгжүүлж буй бодлого дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хар­ин засгийн эрх баригчид нь үүнийг ашиглаж, гол тоглогч болохыг хичээж байна. Ийм байх нь тэдэнд ашигтай учраас аргагүй шүү дээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж