“Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт-2010“ дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-нд Хонконгод эхэлсэн билээ. Уулзалтад ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ТӨХ-ны дарга Д.Сугар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нар оролцож, манай улсын хөрөнгийн зах зээлийн талаар гадаад, дотоодын 500 орчим төлөөлөгчтэй санал бодлоо солилцжээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн Монголын уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын нэрс олон улсын хөрөнгийн биржүүдийн хянах самбарт дурайх бүрэн боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хөрөнгийн зах зээлд цоо шинэ боломж бий болж, баялгаа зөвхөн экспортлох бус дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, баялгийнхаа үнэ цэнийг олон улсын тавцанд харуулах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хонконгийн Хөрөнгийн бирж дээр “Моngolia Mining Corp” компанийн нэгж хувьцааны үнэ долоон хонконг долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 650 сая доллар давах тооцоотой байна. Хонконгийн Хөрөнгийн бирж нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг төвлөрүүлэгч томоохон биржүүдийн нэг бөгөөд Азийн хөрөнгийн зах зээлийн шинэ төв хэмээн эдийн засагчид үздэг. Тиймээс манай улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийхээр очсон нь хөрөнгө оруулагч, үндэсний компаниудад шинэ боломжийг олгож байгаа хэрэг юм. Ямартай ч Bloomberg агентлаг болон “Financial times”-аас “Монголын хөрөнгө оруулагчид анхны бие даасан алхмаа хийлээ” хэмээсэн нь цаашид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр манай улсын хувьд олон боломж бий болж байгааг онцолсон хэрэг билээ. Мөн Европын орнуудын Хөрөнгийн биржтэй харьцуулбал Хонконгийн Хөрөнгийн бирж нь Азийн орнуудын эдийн засгийн харилцаа, газарзүйн байрлал, цагийн бүсийн хувьд бидэнд нэлээд тохирох төлөвтэй байгаа юм.
Цөмийн энергийн газар, “Хан Ресурс” компанийн хооронд өнгөрөгч зунаас хойш лиценз олголттой холбоотой маргаан үргэлжилж байгаа. “Хан Ресурс” компанийн 58 хувийн эзэмшил болох “Дорнод ураны орд”-ын лицензийг Цөмийн энергийн газраас хураан авсан тул тус компаниас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд анх хандаж байсан аж. Энэ маргаан нь “Хан Ресурс”-ын талд шийдэгдсэн ч “Хан Ресурс” өөрийн мэдлийн “Төв Азийн уран” компанийн өмнөөс Цөмийн энергийн газрыг дахин шүүхэд өгсөн юм. Анхан шатны шүүхийн шийдвэр мөн л “Хан Ресурс”-ын талд гарчээ. Гэхдээ Цөмийн энергийн газраас анхан шатны шүүхийн шийдвэрээс үл хамааран лицензийг нь эргүүлж олгоогүй байгаа билээ. Тэгэхээр Цөмийн энергийн газар “Хан Ресурс”-ын хооронд үүссэн маргаан сунжрах төлөвтэй байгаа юм. Удахгүй лицензээ эргүүлж авалгүйгээр ялалтаа зарласан “Хан Ресурс”, анхан шатны шүүхэд удаа дараалан ялагдсан Цөмийн энергийн газар дахин шүүхийн өмнө нүүр тулж магадгүй. Учир нь Цөмийн энергийн газраас Монгол, Орос, Канадын хөрөнгө оруулалттай “Төв Азийн уран” компанитай холбоотой өргөдөл гаргасан байна.
Төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулан нэмлээ. Ингэхдээ хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачаалал, мэргэжлийн онцлог зэргийг үл хайхран 30 хувиар нэмэв. Харин үүний нөлөөгөөр бага цалинтай багш, эмч нарын цалин багаар нэмэгдэж, их цалинтай дарга нар их хэмжээний мөнгө халаасалж байна. УИХ цалин нэмэх тогтоолыг хожуу хэлэлцэж байгаа ч шийдвэр нь энэ сарын 1-нээс үйлчлэх аж. Цалинг ийнхүү шууд 30 хувиар нэмэхийг эсэргүүцэх олон хүн байсан ч үр дүнд хүрч чадаагүй юм. Мөн УИХ-ын гишүүд цалин нэмэх асуудлыг хэлэлцэж өөрсдийн цалингаа ярихтай зэрэгцэн иргэдээс ирэх шүүмжлэлээс болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан. Тэдний хэлж буйгаар гадны улс орнууд энэ асуудлаа парламентаар хэлэлцдэггүй байна. Харин ийнхүү өөрсдөөр нь цалин нэмэх асуудлыг хэлэлцүүлэх нь иргэдийн өмнө төрийн өндөрлөгүүдийнхээ үнэлэмжид сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Мөн МҮЭХ-оос цалинг ингэж тэгш бус нэмэх нь буруу хэмээж байсан юм. Гэвч энэ удаад тэдний эсэргүүцэл тодорхой үр дүнг авчирсангүй. Харин ч цалинг 30 хувиар нэмэхээс гадна Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ нь шулуухандаа төрийн өндөр албан тушаалтнууддаа тусгайлан анхаарал хандуулж байгаа хэрэг юм. Энэ эрхийг төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны ажилтан, шүүх, гааль татварынхан эдлэх аж.
Иргэд авсан цалингийнхаа багагүй хувийг даатгалд суутгуулдаг атлаа нийгмийн даатгалаа цаг тухайд нь төлөөгүй, байгууллагаас нь даатгалын хураамж орж байгаа эсэхийг хянадаггүй байдлаас болж даатгалын үйлчилгээг авч чадалгүй хохирох явдал гардаг байна. Зарим тохиолдолд даатгалаа цаг тухайд нь төлөөгүй бол нөхөн төлөх боломжгүй байдаг аж. Тиймээс даатгалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах явдал нэлээд чухал. Нийгмийн даатгалд байнга шимтгэл төлснөөр даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох тохиолдолд энэ сангаас тодорхой хэмжээний тэтгэмж авдаг. Харин манайхан энэ боломжуудыг мэддэггүйгээсээ болж дээрх үйлчилгээг авч чадахгүй байх тохиолдол их гардаг гэнэ. Манай улсын хэмжээнд 3000 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байдгаас 600 гаруй мянган ажилтан шимтгэл төлдөг байна. Ингэсний үр дүнд Нийгмийн даатгалын санд сард 28-29 сая төгрөгийн орлого ордог аж. Уг орлогоос 700 мянга орчим иргэнд тэтгэвэр тэтгэмж олгодог байна. Мөн байгууллагаас даатгалаа төлүүлдэггүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг даатгалд хамруулах ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа юм. НДЕГ-аас мэдээлснээр “Нарантуул” худалдааны төвд ажилладаг иргэдийн 70 гаруй хувь нь даатгалд хамрагджээ. Энэ нь нийгмийн даатгалаас үзүүлэх тэтгэврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой аж.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин