Уран гулгалтын ДАШТ-ий хосын төрөлд ялагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын ДАШТ-ий хосын төрөлд ялагчид тодорлоо

Италийн Турин хотноо зохиогдож буй Олон улсын уран гулгалтын холбооны 100 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 28-ныг дуустал Турин хотын “Палавела” мөсөн талбайд үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 53 улсын 208 уран гулгагч өрсөлдөж байгаа ба хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон хосын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болж, хосын төрөлд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. 23-нд болсон хосын богино үзүүлбэрт 75.28 оноо авч, тэргүүлсэн олимпийн аварга Хятадын Цинь Пан, Жянь Тун нар өчигдрийн чөлөөт үзүүлбэрт 136.11 оноо авч, дахин түрүүлснээр нийт 211.39 оноогоор дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Германы хос болох Алёна Савченко, Робин Шольковий нар 204.74 оноогоор хүртсэн бол ОХУ-ын Юүко Кавагути, Александр Смирнов нар 203.79 оноогоор хүрэл медалийн эзэд болсон юм.

Мөн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Ванкуверийн олимпийн хүрэл медальт Японы Дайсүкэ Такахаши 89.30 оноогоор хамгийн өндөр амжилт гаргасан бол Канадын Патрик Чан 87.80, Францын Брайн Юберт 87.70 оноогоор удаалсан байна.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болж, аваргууд тодрохоос гадна мөсний бүжгийн тэмцээн болох юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж